Чингисийн онгон 2 цогцолбор хэсэгтэй. Нэг нь Чингисийн онгон шүтээн байрладаг 3 залгаа гэр маягтай ордон. Нөгөө нь өнгөрсөн жилээс бүрэн ашиглалтад орсон "Чингис хааны цогцолбор музей". 3 залгаа гэр хэлбэртэй цагаан ордны өмнө омголон морь унасан Чингис хааны хүрэл хөшөө байна. 3 байшингийн дундах том гэрийн хэлбэртэй ордон нь Чингис хааны тахилгын танхим юм байна. Гэрээр бол хоймортоо их Хааны дүртэй 4,5 м орчим өндөр алтадсан хөшөө байрлуулж өмнө нь зул хүж, идээ цагаа, жимс, чихэр тэргүүтнийг өржээ. Алтадмал хөшөөний ар талаар тухайн цагийн цэрэг баатруудын өмсгөл зүүлт, эртний эмээл зэргийг байрлуулжээ. Энэ их танхимд монгол үндэстнүүд ирж тахил өргөдөг юм байна. Цай, идээтэй ирсэн монгол хүмүүс саяхныг хүртэл тасалбар авалгүй ордог байсан гэнэ. Баруун зүүн талын арай жижиг танхимууд нь Өэлүн болон Бөртэ хатны тахилгын танхимууд. Танхимын ханаар хятад уран бүтээлчдийн хамтран урласан "Монголын нууц товчоо"-гоор сэдэвлэсэн цуврал зургуудыг байрлуулжээ. Дээл өмсч малгай духдуулсан монгол эрэгтэй хүмүүс орж гарч, бөхсөн зуланд нь тос нэмж байх юм. Нэг залуутай нь үг солилоо. Өвөө нь хэлж залгамжлуулснаар 39 дэхь үе дээрээ Их хааны онгоны тахилч хийж байгаа гэнэ. Харин үүнийг батлах угийн бичиг нь соёлын хувьсгалын галд өртжээ.
1 2 3
|