"Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангийн энэ удаагийн дугаарт саяхан шинэ орон сууцанд орсон нэгэн айлын эзэгтэйг урьж оролцуулж байна. Манай сонсогчид Цогзолмааг дуу хоолойгоор нь хэдийнээ сайн таних боловч нөхөр нь мөн манай редакцид ажилладаг редактор Дарамбазар гэдгийг, бас эднийх тун саяхан шинэ орон сууцанд ороод байгааг тэр бүр мэдэхгүй нь ойлгомжтой.
Эдний нүүж орсон орон сууцны цогцолбор манай ажлаас тун холгүй оршдог юм. Хоёр жилийн турш баригдаж өнгөрсөн жилээс ашиглалтанд орж эхэлсэн Shijingshan дүүргийн энэ цогцолборт сар бүр л шинэ байр ашиглалтад орж айлууд зуу зуугаараа нүүж орж байгаа харагддаг.
Эднийх өмнө нь улсаас олгосон нийтийн орон сууцанд амьдардаг байжээ. Хятад улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэмд байхдаа иргэддээ орон сууцыг үнэгүй олгодог байж. Харин шинэ нийгэмд шилжих цагт тэр сууцуудаа эргэн үнэлж тухайн үеийн нь ханшаар тодорхой төлбөр хурааж хувьд нь өгсөн гэнэ. Одоо бол бүх хүмүүс орон сууцаа худалдан авдаг эсвэл түрээслэн суудаг системд бүрэн шилжжээ. "Энэ удаад орон сууц авахдаа байршил, гэрэл сүүдэр, нийтийн унааны буудлаас хир хол гээд бүх л зүйлийг өөрсдөө тооцож сонголтоо хийсэн. Манай гэрийн зочны өрөөний цонхоор "Олон улсын уран барималчдын бүтээлийн цэцэрлэгт хүрээлэн" харагддаг юм. Бээжин хотдоо томд орох нийтийн амралт, зугаалгын газар л даа. Дотор нь "Зэрэглээн дундах тэмээ" нэртэй монгол уран бүтээлчийн Монголын говь нутгийн онцлогийг маш төгс урласан бүтээл тавиастай бий. Ер нь шинэ гэрийнхээ байрлал, орчин нөхцөлд сэтгэл хангалуун байна" гэж Цогзолмаа ярилаа.
1 2 3 4
|