Мэй нөхөр Шиан-тайгаа нэг дор ажиллаж байгаад хоёр сарын өмнө ажлаасаа гарчээ. Шиан ажлаа хийсээр байсан ч цалин нь өчүүхэн бага болохоор амьдрал хүнд хэвээр. Өдөрт гурван удаа хооллох, хүүхдийн сургуулийн төлбөр гээд үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Үнэндээ Мэй аргагүйн эрхэнд л ийм шийдвэр гаргасан билээ. Ажилд бүртгүүлэх ярилцлагад орох үедээ ажил хайсан өрсөлдөгчид хичнээн олон болохыг мэдэж авав. Дөнгөж хорь шүргэж яваа охид. Өөр шиг нь 30 насны босго шүргэсэн хүн тэнд алга. Дуу бүжгийн танхим буюу SD Танхимын Мисс Зугаацуулагч-н ажил л даа.
Мэй бол тийм ч царайлаг хүүхэн биш. Гэхдээ нуруулаг сайхан бие нь түүний давуу тал гэж болно. Өндрөөс нь өөр ямар давуу чанарыг тэндэхийн босс олж харсаныг бүү мэд. Олон таван үггүй, 50 гарч буй тэр хүн исгэчих шахсан харцтай шар нүдээрээ Мэйг толгойноос хөлийн улыг нь хүртэл маш нарийн сонжжээ. Харцаараа бүх хувцсыг нь нэг нэгээр нь тайлан шидлэж байх шиг цоо ширтэх даргын өмнө Мэй дагжин чичирч зогсов. Тэгж тэгж нүдээ онийлгон инээмсэглэж сонжоо дууссаныг илтгэхэд нь Мэй хүлээснээс мултарсан мэт болжээ. -Мэй, чи маргаашнаас ажилдаа орж болно хэмээн түүнийг хэлэхэд Мэй гүн амьсгаа аваад үүд зүглэв. Хаалгаар гарахын нь даваан дээр "аль болох нимгэн хувцаславал сайн" гэж нэмж хэлжээ.
Тэр өдөр Мэй гэртээ оронгуутаа ихэр татан уйлж билээ. Баахан уйлж аваад нулимсаа шударч Мисс Зугаацуулагчийн ажилд орохоор санаа шулуудав.
Мисс Зугаацуулагч нар ихэвчлэн шөнийн цагаар ажилладаг ч SD Танхимын хувьд тэднийг оройн 5.30-д ажил дээрээ бэлэн байх шаардлага тавидаг. Тэд бүжгийн танхимын цэвэрлэгээ болоод чимэглэлийг бас хариуцдаг юм. Мэй ажлынхаа эхний өдөр цагаасаа нилээн эрт ирж биеэ бэлтгэжээ. Хөмсгөө тодруулан, нүүрэндээ энгэсэг тавьж, үсээ задгай тавьсан Мэй өөрийгөө толинд хараад таньж ядав. SD Танхим залуу эмэгтэйчүүдийг үнэд хүргэдгийг Мэй сайн мэднэ. Мисс Зугаацуулагч болсоны хувьд Мэй царай зүс, нуруу туруу гээд биеийн аль ч хэсгээр нь авч үзсэн залуу гоо хэвээр байгаа нь олзуурхууштай. Урт богино ямар ч банзал өмссөн түүнд сайхан зохино. Иймэрхүү газар богино банзал өмсвөл олны анхаарлыг илүү татдагийг Мэй мэдэх боловч бусдын нүдийг тэгтлээ татаад байх сонирхол түүнд байсангүй. Мини банзал өмссөн ажлын эхний өдөр биеийг нь бариад нэг л эвгүй байсны зэрэгцээ SD Танхим-н даргын хоёр нүд түүний биеийг цоо ширтэж байгааг мэдэрч өнжлөө.
"SD Танхим"-д ирдэг эрчүүд эндхийн даргатай эгээ адилхан юмнууд байж таараа. Тиймгүйсэн бол яалаа гэж энүүгээр ирэх вэ дээ гэж бодогдоход Мэй-н сэтгэл жихүүцэх шиг болсон юм.
Шиан-ийг 6 цагт ажлаа тарж ирэхэд Мэй гэртээ сууж байлаа. Эхнэрийнх нь марзан хувцаслалт, танигдахын аргагүй будалт түүнийг сүрхий цочоов. Хөөрхөн царай, сайхан галбирыг нь тодотгосон сүүлийн үеийн загварын хувцас засалтай Мэй нөхрийнхөө мөрөнд толгойгоо наан "би тийм газар луу явмааргүй л байна" хэмээхэд нөхөр нь "Тийм бол битгий яв л даа. Бид 2 ядуу хосуудын ядруухан амьдралаар амьдарч байгаа ч тураад үхчихгүй шүү дээ" гэжээ.
1 2
|