Нөхрийнх нь үг Мэйн сэтгэлийг хөдөлгөж тэрээр хувцсаа тайчин "тэгээд л чамайгаа би ажлаасаа ирэхийг хүлээж суулаа. Элдэв чимэггүй, энэ л байгаагаараа би чинийх" гэсэн юм. Сүүлд нь Шиан SD Танхим-д ажиллах бодол нь хэвээрээ эсэхийг нь лавлахад нь Мэй толгой дохин хариулжээ.
Орой нь Мэй 10 цаг хагасын үед харьж ирэв. Шиан түүнийг сэрүүн хүлээж байлаа. Тэр архи, тамхины алийг ч хэрэглэдэггүй болохоор үнэрийг нь сайн ялгадаг юм. Мэй-с архи тамхи аль аль нь ханхална.
-Чи уугаа юу?" гэж түүнийг ширүүн өнгөөр асуухад Мэй толгой сэгсрэв. "Тамхи татаа юу?" гэхэд мөн л толгой сэгсэрчээ. Шиан итгэсэнгүй, "алив хүрээд ир, амыг чинь үнэрлье" гэхэд Мэй амаа ангайлган ирж үнэрлүүлэв. Архи, тамхины үнэр амнаас нь биш, хувцаснаас нь үнэртэж байлаа. Тэгээд Мэй-г шүршүүрт орсны дараа тэд өвөртөө орцгоожээ. Мэй орондоо орсон хойноо "Би архи ууж, тамхи татдаг хүүхнүүд шиг байна уу" гэж гомдонгуй бувтнав.
Дараа өглөөний нь нар мандахад Мэй эртлэн босч ердийнхөөрөө хувцаслав, нүүр амаа будсан ч үгүй. Ногооны зах орж хүнсээ цуглуулж ирээд үдийн хоолоо бэлджээ. Бас юмаа угааж, шалаа арчжээ. Үдийн өмнөх цаг яах ийхийн зуургүй өнгөрөв. Өдрийн хоолоо идчихээд унтаж амрав. SD Танхим-д ажилладаг хүмүүс үдэд унтах дүрэмтэй. Шөнийн ажилтай хүмүүс ингэхээс өөр аргагүй эс тэгвэл нурж унах аюултай.
Бараг 5 цаг хүргээд Мэй босч хувцсаа өмсч, нүүрээ янзлаад сэтгэл зүйгээ ч ажилдаа бэлтгэв. Тэгээд Шиан-ыг гэртээ харьж ирэхээс өмнө гэрээсээ гарч ажилдаа яваад шөнө орой буцаж иржээ. Шиан урьдын адил орондоо ороод хүлээж байв. Энэ удаад Мэй үгийн солиогүй шууд л угаалгын өрөөг зүглэж усанд оров. "Намайг битгий хүлээж бай гэж чамд хэлсэн шдээ. Унтаж бай л даа" гэж Мэй унтлагынхаа өрөөнд орж ирээд зэмлэнгүй өнгөөр хэлэхэд нөхөр нь "Чи дэргэд байхгүй цагт би яаж унтах юм бэ" гэж хариулжээ. Мэй усанд удаан орж ирсэн ч архи тамхины үнэр нь арилсангүй. "Энэ удаад чи уужээ" гэж Шианыг хэлэхэд "Мөнхийн дэвшил компаний менежер Чиан татсан тамхи болгоны минь тоогоор нэг зуун юань, хоосолсон хундага болгоны минь тоогоор 200 юань өгнө гэсэн юм. Би энэ орой түүний халааснаас 200 юаныг нь салгасан" гэжээ. Үнэхээр овоо ууж. Яриагаа ч дуусгалгүй нойрондоо дийлдэн унтаад өгөв. Харин Шиан тэр шөнө унтаж чадсангүй.
Мэй мөнгө олохынхоо хирээр үрэх аргыг нь бас сайн сурчээ. Хамгийн сүүлийн үеийн, үнэтэй хувцас, нүүрний будаг хайн өдрийг барах болов. Бас хамт ажилладаг "дүү охид"-ынхоо хамтаар дэлгүүрээр байнга хэсээстэй. Тун удалгүй ногооны зах, хоол хийх, гэрээ цэвэрлэх ажлууд түүний хуваариас хасагдав. Шианд хоол хийж өгөхөө больсон цагаасаа түүнийг жижиг хоолны газруудаар дагуулан явж хооллох болжээ. Шианд гадуур хооллох таатай санагдаагүй боловч Мэй-н тааллыг дагана.
Тэр нэг шөнө Шиан-ы нойр хүрсэнгүй. Шөнийн 1 цаг хэдийн болсон ч Мэй ирээгүй л байв. "Иймэрхүү байдлаар үргэлжилбэл бүтэхгүй нь дээ. Маргааш түүнтэй ярилцъя даа" гэж бодож хэвтлээ. 1 2
|