• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Алсад байх ч сэтгэлд ойрхон Шинжаан

CRI       (GMT+08:00) 2010-09-21 18:39:57


Шиньжяний Алтай нутгийн Ханас нуур дээр

     ШУӨЗО-д Баянголын Монгол үндэстний болон Борталын Монгол үндэстний хоёр өөртөө засах аймаг байдаг. Хүн амынхаа тоогоор / 170 000 орчим / монголчууд уйгар, хань, хасаг, хотон, киргизүүдийн дараа 6-д орж байна. Өнөөдрийн Шинжааны монголчууд нь Чин улсын тэнгэр тэтгэгч хааны үед 1760-аад оны эхээр Өвөрмонголоос нүүдэллэн очсон цахар, 1771 онд Оросын Ижил мөрний хавийн нутгаас буцаж ирсэн торгууд, мөн Мин Чин улсын үеэс Шинжаанд амьдарч байсан Зүүнгарын монголчуудын үр хойч гэнэ. Шинжааны монголчууд одоо ч гэсэн ТОД БИЧИГ хэрэглэж байна!!! Өдөр тутмын сонин, сэтгүүл, радио гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд тод бичиг, уйгаржин бичгийг хоёуланг нь хэрэглэдэг гэнэ. Харин дунд сургуульд хүүхдүүд тод бичиг биш уйгаржин бичгээр хичээллэдэг болсон байна.

     Хятад улсдаа цорын ганц гэх нэгэн өвөрмөц байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломж олдсон юм. Энэ бол Шинжааны цэргийн бүлгэм. 1954 оны 10 сард байгуулагдсан тус бүлгэмийн удирдлага нь төвөөс томилогддог. Бүрэлдхүүнд нь шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, санхүү, даатгал, хууль, хэвлэл мэдээлэл гээд нийгмийн бүхий л салбарын байгууллага, аж ахуйн нэгж бий. Үүнд 14 дивиз /атрын район/, газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн 174 аж ахуйн нэгж, 4391 барилга, үйлдвэр, зам тээвэр, худалдааны байгууллага байдаг . Үүнээс гадаад зах зээлд нэрд гарсан 3 том аж ахуйн нэгж байна. 2008-2009 онд Цэргийн бүлгэмийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 13,4%-иар өссөн. Ер нь бол сүүлийн жилүүдэд 2 оронтой тоогоор өсч байгаа аж. Ажиллагсдынх нь цалин жилийн 20 000 юань-аас илүү.

     Шинжааныг чөлөөлөх дайнд оролцсон цэргийнхэн энэ нутагт үлдэж 2 их элсэн цөлийг тойруулан атар газар эзэмшиж, газар тариалан эрхэлж, зам гүүр тавьж, шинээр 4 нь ч хот босгосон байна. Түүний нэг нь Өрөмчөөс баруун хойд зүгт байрлах Шыхэзи гудамж талбайгаа өнгө алаглах цэцэгс, алимны модоор чимсэн цэвэр цэмцгэр сайхан хот байх юм. Хамгийн гол нь элс манхан байсан газар хот суурин байгуулсан гэдэг утгаараа Шыхэзи хот дэлхийн нэгэн гайхамшигт зүй ёсоор ордог байна. Энд бид нар хөвөнгийн тариалан, хөвөнгийн үйлдвэр, пан тоорын хүрээлэн, усжуулах системийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэр гээд нэлээд олон байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байгаа.

     Би тоон үзүүлэлтэд дуртай болохоор баахан тоо дурьдаж та бүхнийг чилээсэн бол уучлаарай. Гэхдээ тоо гэдэг бол их юм өгүүлдэг юм. Аялалын явцад бичсэн тэмдэглэлд ороогүй зүйлийг энд оруулахыг хичээлээ. Гэвч бас л олоон олон юмыг багтааж оруулж чадсангүй. Аялал маань мартагдашгүй сайхан дурсамжаар дүүрэн байлаа. Уйгарууд ер нь нүд хөмсөг сайтай, хүүхнүүд нь хүүхэлдэй шиг хөөрхөн, хүүхдүүд нь бүүр ч хөөрхөн санагдсан. Аливаа ард түмний дуу бүжиг тэр үндэстний дотоод ертөнцийн шууд илрэл байдаг. Уйгарууд бүжиглэхээрээ ихэмсэг дүр төрхтэй, их гоё харагддаг юм байна лээ. Бас Шинжааны жимсний амтны сайхныг заавал хэлэх ёстой байх. Би нутагтаа ирээд усан үзэм идсэн чинь ямар ч амтгүй байсан шүү.

     Аялалын төгсгөлд миний зүрх сэтгэлээс шувуу шиг нисэн одоход бэлэн нэг л үг байлаа. Тэр үг бол "Баярлалаа..." Тиймээ, энэ үгийг би их олон хүнд хэлмээр байна. Юуны өмнө аялалыг зохион байгуулсан ХОУР, ШУӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанд гүн талархал илэрхийлье! Мөн Шинжааны цэргийн бүлгэмийн дэргэдэх ХОУР-гийн дарга Хү Жы Жянь гуай таны өмнө гүнээ хүндэтгэн мэхийн ёсолъё! Манай аялалын багийнхан бүгд танд ам сайтай байсныг энд нэмж хэлмээр байна.

     Ву ай Шинжаан!
     Ву ай Жунгуо!

     Намайг ямагт дэмжиж , сэтгэлийн дэм хайрлаж явсан ХОУР-гийн монгол хэлний редакцын орчуулагч, редактор, эрхэм дүү Б.Алтаннавчдаа сэтгэлийн гүндээ талархаж явснаа мөн хэлмээр байна. Бид хоёрт бие биенээсээ асууж сонирхох зүйл зөндөө. Ер нь ам хуурай яваагүй шүү. Үдэш болгон миний өрөөнд бид хоёр шөнө дөл болтол сууж, би тэмдэглэлээ хөтөлж, Навчаа маань орчуулгаа хийж, редакц руугаа мэдээгээ дамжуулна. Бас эмэгтэй хүмүүс л юм хойно хорвоогийн элдэв юм ярьсаар нэг мэдэхэд шөнө дунд аль хэдийн өнгөрсөн байдагсан...

2010.09.03 Улаанбаатар, Монгол улс
П.Уламнарантуяа


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе