• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2 дахь өдрийн аялал буюу Лүн Хү Шань уулнаа

CRI       (GMT+08:00) 2011-04-22 09:45:15

     Удалгүй тайлбарлагч одоо манай аяллын хамгийн сонирхолтой үзүүлбэр болох гэж байна гэж зарласан нь "авс өлгөх" үзүүлбэр байлаа. Эрхэм та энэ үгийг сонсоод гайхаж магадгүй юм. Тухайн нутагт амьдарч байсан эртний хүмүүс нас барагсдынхаа авсыг эгц хадан хясааны уулын агуйд нутаглуулдаг байжээ. Өнөөг хүртэл 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд он цагийн эрхээр хуучирч муудан чулуужаад саарал цагаан өнгөтэй болсон байна. Дэлхийн олон оронд өөр өөр үндэстнүүд төрөл бүрийн хэлбэрээр нас барсан хүмүүсээ нутаглуулдаг. Жишээ нь Төвдүүд тэнгэрийн оршуулга буюу тас шувуунд тасчин хаяж өгдөг бол голд урсгах эсвэл шатаах зэргээр оршуулах нь бий. Энэ бол бас л их өвөрмөц хэлбэр юм даа гэж дотроо бодож суулаа. Археологичид олон жил судалсан ч агуйд нас барсан хүнээ нутаглуулдаг нууцыг тайлж чадаагүй байна. Уулын агуй нар тусах талд байрлах бөгөөд эгц хясаа руу хүн араатан авирч хүрч чадахгүй, сэрүүн газар олон жил байдаг. Археологичид огт хөндөгдөөгүй шарил ч илрүүлсэн. Одоогоор эртний 200 орчим ийм авс уулын агуйд байгаа гэж тайлбарлагч өгүүлсэн юм. Авс өлгөх эдүгээ эндхийн жуулчдын нэгэн хөтөлбөр болсонд нэг талаар гайхаж, нөгөө талаар бас сонирхолтой санагдаж байлаа. Тоглолт эхлэхэд уулын орой дээрээс олсоор биеэ бэхэлсэн 2 хүн аажмаар хад дамжин бууж ирсэн бөгөөд тэднийг харахад циркийн үзүүлбэр үзүүлж буй жүжигчидтэй адил санагдана. Тэд босоо хадан дээгүүр хөндлөн алхсаар хадан хясааны тэхий голд шахам, газрын гадаргаас 60 гаруй метр өндөрт байх агуйн харалдаа очоод дотор нь орно. Энэ үед уулын бэлд мөн олсоор бэхэлсэн авсыг уулын оройд байгаа хөдөлгөөнт дугуйгаар дээш нь өргөх бөгөөд авс өргөгдсөөр агуйн амны харалдаа хүрэхэд өнөөх хүн гэнэт үсрэн гарч ирээд авсан дээр мордон улмаар гараараа залсаар авсыг агуйд оруулна. Яг ийм үзүүлбэр хагас цаг орчим үргэлжиллээ. Эртний хүмүүс ингэж нутаглуулдаг байсан эсэх нь бүү мэд, гэхдээ л ямар ч байсан ийм нэгэн үндэстэн ийм зан үйл гүйцэтгэдэг байсныг гэрчлэх мэт хуучин авснууд хадны агуйн дундаас цухуйсаар ард хоцорсон.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе