Ши Жиньпин Шульцтай утсаар ярив
2021-12-21 22:03:40
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 21-ний орой Германы канцлер Шульцтай утсаар ярьжээ. Тэрээр юуны өмнө Германы шинэ канцлераар сонгогдсон Шульцад баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин: Хятад-Германы харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа Хятад-Европын хамтын ажиллагааг “Манлайлж” ирсэн. Энэ бол хоёр орон цаг эриний урсгал дагуу хийсэн зөв сонголт юм. Ирэх жил манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм. Хагас зууныг эргэн харахад Хятад-Германы харилцаа эрч хүч, уян хатан байдал, хөгжлийн асар том нөөцөө хадгалж ирсэн бол ирэх 50 жилд хоёр орон алс холыг харж төлөвлөн, харилцаагаа шинэ шатанд ахиулах ёстой юм.

Хятад, Европ бол дэлхийн хоёр том бие даасан хүчин байж, стратегийн асар өргөн нийтлэг ойлголт, нийтлэг ашиг сонирхолтой. Тиймээс хоёр талаараа иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хадгалж, харилцан хүндэтгэж, харилцан ашигтайгаар хамтран ажиллах зарчмыг барьж, хоёр талын харилцааг цаашид эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой. Хятад-Европын харилцаа тогтвортой хөгжүүлэх талд үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж, зөв энергиэр сэлбэж ажиллахыг Германы талд хүсэж байна гэжээ.

Шульц: Германы канцлераар сонгогдсонд баяр хүргэсэн Ши Жиньпин даргад талархал илэрхийлье. Та бидний өнгөрсний харилцааг хувьдаа байнга дурсан санагалздаг бөгөөд Герман-Хятадын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг цааш нь үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Өдгөө хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа нааштай хөгжиж, хоёр орон уур амьсгалын өөрчлөлт болон цар тахал зэрэг даяаршсан сорилтуудын эсрэг нягт хамтран ажиллаж, Афганистан, Иран зэрэг бүс нутгийн асуудлаар нягт зөвшилцөж ирсэн. Эдгээр нь Герман-Хятадын харилцааны тогтвортой хөгжлийн гурван тулгар цэг болсон юм. Түүнчлэн харилцан хүндэтгэж, итгэлцсэн үндсэн дээр Хятад улстай хамтаар иж бүрэн стратегийн түншийн харилцааг цааш нь хөгжүүлэхэд Германы тал бэлэн байна. Мөн ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг ашиглан, засгийн газар хоорондын зөвшилцлийг сайтар зохион байгуулж, цэвэр эрчим хүч, дижитал эдийн засаг, үйлчилгээний салбар зэргийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүтээлч байр сууриас Европ-Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад Германы тал бэлэн байна. Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээр эртхэн хүчин төгөлдөр болж хэрэгжихийг хүсэж байна. Олон улсын үйл хэргийг зохицуулах явцад Хятад улстай хамтран олон талт үзлийг хамгаалан ажиллахад Германы тал мөн бэлэн байна гэжээ.