Хятад улс Африкт амлалтаа хэрэгжүүлж байна
2021-12-21 16:27:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын засгийн газрын Зимбабвед тусалсан коронавирусын эсрэг вакциныг тус улсын нийслэл Хараре хотод 20-ны өдөр хүргэн өгчээ, Энэ нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурлаас зарласан Африкт 1 тэрбум тун вакцин өгөх Хятадын арга хэмжээний нэг юм. Зимбабвегийн дэд ерөнхийлөгч Чивенга хэлэхдээ: Хятадын энэхүү үйл ажиллагаа нь Зимбабвегийн цар тахлыг даван туулах итгэл, шийд зоригийг урамшуулсан юм гэжээ.

Орон нутгийн цагаар 20-ны үдээс хойш Хятадын засгийн газар Зимбабве улсад коронавирусын эсрэг вакциныг тус улсын нийслэл Хараред хүргэн өгөх үеэр Зимбабвегийн дэд ерөнхийлөгч бөгөөд Эрүүл мэндийн сайд Чивэнга, Хятадаас Зимбабвед суугаа элчин сайд Гүө Шаочунь нарын зэрэг хүмүүс нисэх онгоцны буудалд вакциныг хүлээлгэн өгөх ёслолд оролцов. Чивэнга хэлсэн үгэндээ, Хятад улс Африкийн өмнө хүлээсэн чухал амлалтаа хэрэгжүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлж, Хятадын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Зимбабвегийн цар тахлыг дарах итгэл, шийд зоригийг урамшуулсан юм гэжээ.

"Зимбабве улс коронавирусын эсрэг вакцинаар Африкт туслах тухай Хятад улсын амлалтыг (Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурлын үеэр) хүлээн авсан анхны орнуудын нэг болсонд маш их талархаж байна. БНХАУ-ын хандив нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын (ах, эгч дүүсийн) найрамдалт харилцааг онцлон харуулж байна. Хятад улс цаг тухайд нь дэмжлэг үзүүлж байгаа найрсаг хандлага нь Зимбабвегийн ард түмний цар тахлыг ялах итгэл, шийд зоригийг ихэд урамшуулсан юм. "

Чивэнга хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурал дээр Хятад улс Африкт вакцины хүртээмжтэй байдлыг бэхжүүлж, Африкт "дархлааны цоорхой"-г арилгахад нь тусална гэж илэрхийлсэн. Хятадын "хүнээр төв болгох" үзэл баримтлал, арга хэмжээ нь Зимбабве болон Африкийн бусад орнуудад нийгмийн хэвийн үйлдвэрлэл, амьдралыг сэргээхэд тусалж, Зимбабве "2030 он хүртэлх алсын хараа"-ыг хэрэгжүүлэхэд тус дэмжлэг болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Цар тахал гарснаас хойш Хятад улс Зимбабвег олон талаар дэмжиж, тусламж үзүүлсэнд Зимбабве гүнээ талархаж байна. БНХАУ-ын дэмжлэгт эмнэлгийн мэргэжилтнүүдийг илгээх, багц вакцин хандивлах, Зимбабвегийн цар тахлыг даван туулахад яаралтай шаардлагатай Синофарм болон Синовак компанийн коронавирусын эсрэг вакциныг худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байна. Миний онцлон тэмдэглэхийг хүсч буй зүйл бол Хятад улс үргэлж Зимбабветэй хамт байх уламжлалаа баримталж, шинэ эринд Хятад, Зимбабвегийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах болно гэдгийг Хятадын талын дэмжлэг харуулж байна. "

Хятадаас Зимбабвед суугаа Элчин сайд Гүө Шаочунь хэлэхдээ, вакцины шинэ багц ирсэн нь Хятад улс Африкт үзүүлж буй хамтын ажиллагаа, тусламж нь хэлснээ биелүүлэх ёстойг харуулж байгаа бөгөөд энэ нь Африкийн илүү олон ард түмэнд ашиг тусаа өгөх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Зимбабвегийн тахлын дөрөв дэх давалгааны хүнд сорилтыг харгалзан үзэж, Хятад улс амлалтынхаа хэрэгжилтийг улам хурдасгаж, Зимбабвегийн халдварыг даван туулах итгэл, чадварыг бэхжүүлэхийн тулд хэдхэн хоногийн дотор Зимбабве улсад хандивлах вакцинаа бэлэн болгож, хандивласан юм. Хятадын шийдвэртэй, үр ашигтай үйл ажиллагаа нь Хятад улс Африкийн тахлын эсрэг тэмцэл, ард түмний амь насыг хамгаалахын төлөө тууштай, тодорхой дэмжлэг үзүүлж байгааг харуулж байна. Африкийн ард түмэнд хэрэгтэй байгаа цагт Хятад улс Африкийн халдварт өвчнийг бүрэн даван туулах хүртэл Африкийн орнуудад вакцин нийлүүлэх болно."

\Сайн-Өлзий орчуулав\