2006 оны өвлийн олимп зохиогдсон Италийн Турин хот
2021-12-24 18:00:02
Share
Share this with Close
youtube WeChat


2006 оны өвлийн олимпын наадам зохиогдсон- Италийн хойд хэсэгт орших Турин хот уг нь машин техник, автомашины үйлдвэрлэлд ихээхэн түшиглэсэн аж үйлдвэрийн хот байсан бол өнгөрөгч зууны сүүлчээс өнөөдөр гэхэд нэгэнт соёлын хот руу шилжих явцаа биелүүлээд байна. Харин өвлийн олимпыг зохион байгуулсан нь энэхүү шилжилтэд асар их боломжийг олгосон төдийгүй тухайн нутгийн хотын өнгө төрх, хүмүүсийн оюун санааны үзэл бодолд гүн гүнзгий өөрчлөлт авчирсан байдаг. 

Турин хот нь Италийн хойд хэсгийн По голын тал газарт оршиж, Альпийн уулаар хүрээлэгдэн, ойролцоогоор 900 мянга гаруй хүн амтай бөгөөд эдийн засгийн нийт хэмжээгээрээ Италид гуравдугаарт ордог. Уг хот нь автомашины үйлдвэрлэлд ихээхэн түшиглэдэг Италийн “автомашины хот” байсан бол аж үйлдвэрлэлийн шинэчлэл, үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр Турин нь өнгөрсөн оны сүүлчээс “соёл, аялал жуулчлал, худалдаа, спорт”-ын хот болон өөрчлөгджээ. Харин 2006 оны өвлийн олимп нь тус хотын өөрчлөлтөд маш чухал боломжийг хангажээ.

2006 оны өвлийн олимпын наадмын үеэр, Турины өвлийн олимпын хотын үйл ажиллагааны удирдах төвөөс "Хотын дүр төрөх" нэртэй төслийг эхлүүлж, өвлийн олимпын уур амьсгалыг бүрдүүлэх томоохон хотжилтын ажлыг сайтар хийж, орон нутгийн соёл, бүтээлч хотыг бий болгох саналуудыг дэвшүүлжээ. Турины үндэсний музей нь өвлийн олимпын медаль, гал бамбар, тэмцээний хувцас заслыг дэлгэн үзүүлэх онцгой газар болсон бол өвлийн олимпын үеэр улаан өнгөөр чимэглэсэн хотын ландшафтын чимэглэл одоо ч байсаар байна. Тухайн үе Турины өвлийн олимпын хотын үйл ажиллагааны удирдах төвийн дарга байсан Анна Мартина хэлэхдээ:

"Бид хотын дүр төрх төслөөр Турины хотын элементүүдийг дамжуулна гэж найдаж байлаа. Гүн улаан өнгө нь шар өнгөтэй хослон улбар шар өнгө болсноор маш өвөрмөц байж, эрч хүчтэй, шинэлэг, үзэсгэлэнтэй хотын бэлгэ тэмдэг болж чадсан.”

Италийн гурав дахь том хотын хувьд Турин нь ихэвчлэн автомашины үйлдвэрлэл, хөл бөмбөг, Савой ордон, Египетийн музейгээрээ алдартай. 2006 оны өвлийн олимп энэ бүхнээрээ хотын өнгө будаг болсон төдийгүй тус хотод томоохон өөрчлөлтүүдийг авчирсан. Турин хотын иргэн Фернандо Манфреди хэлэхдээ,

"Хот бүхэлдээ шинэчлэгдэж, маш эмх цэгцтэй цэвэр цэмцгэр болсон, Турин болон өвлийн спорттой холбоотой олон сайхан зүйлүүдийг харуулснаар, уул нь хөдөлмөр хүч, үйлдвэрлэл төвлөрсөн хот байснаа өнөө нэгэнт өнгө төрхөө өөрчилсөн, энэ нь л бидний тэр үеийн дурсамж юм даа."

Турин хотын дүр төрх өөрчлөгдсөнөөс гадна, энд амьдарч буй иргэд ч өвлийн олимпын наадмаар дамжин ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа олсон байна. Алессандра Айре бол тус хотын өвлийн олимпын үеэр сайн дурын ажилтан байсан бөгөөд өнөөг хүртэл сайн дурын ажилтнаар ажиллаж байна. Өвлийн олимпын наадмын Турин хотод үлдээсэн хамгийн сайхан өв бол тус хотын хүмүүсийн халуун дулаан, зочломтгой зан сэтгэл байсан юм. 

"15 хоногийн турш Турин хотын хүмүүс болон өвлийн олимпын зочдын авчирсан инээд баясал нь надад хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Хүн бүхэн маш их баяртай байсан. Энэхүү инээд баясал нь Турины зочломтгой, чин үнэнч нөхөрлөл найрамдал болоод нэгэнт 16 жил өнгөрч байна, тэгэхэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст сайн дурын үйлчилгээ хангахын тулд бид ажлаа үргэлжлүүлсээр байна.”

2022 оны Бээжингийн өвлийн олимпын дараа, Италийн Милан, Кортина хотууд дараагийн ээлжийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулна. Тухайн үед Итали зуны болон өвлийн нийт 4 удаагийн олимп зохион байгуулсан хот болно. Турины өвлийн олимпын хотын үйл ажиллагааны удирдах төвийн дарга Анна Мартина Итали болон олимпын салшгүй харилцаа холбооны талаар ярихдаа, олимпыг олон удаа зохион байгуулсан Итали улс нь томоохон хэмжээний спортын арга хэмжээ зохион байгуулах чадвартайг харуулсан гэж хэллээ.

"Итали бол спорт, амралт чөлөөт цагийг хослуулах боломжтой газар гэж би хувьдаа үздэг. Спортоос гадна Итали улсын үзэсгэлэнт сайхан уул усны өнгө үзэмж жуулчдыг их татдаг. Энэ нь маш чухал хүчин зүйл гэж боддог. Үүнээс гадна Итали улс нь дэлхийн улс түмэнд томоохон хэмжээний арга хэмжээг зохион байгуулах хүчин чадалтай улс гэдгээ бардам харуулж чадсанд байгаа. Тиймээс зохион байгуулалтын чадвар болон нутаг усны өнгө үзэмжийг хослуулж чадвал Итали улс нь томоохон хэмжээний арга хэмжээ, ялангуяа олимпын наадам зохион байгуулахад маш тохиромжтой газар гэдгийг харуулж байна." \Ренчинсоо\