Зул сарын баяраа тэмдэглэж чадахгүй байгаа жирийн америкчуудад хэн хариуцах вэ?
2021-12-24 18:58:26
Share
Share this with Close
youtube WeChat

“Зул сарын гацуур мод хүртэл 2021 оны эдийн засгийн завхралаас зугтаж чадаагүй” гэж “Вашингтон пост сонин” тэмдэглэжээ. Тэгвэл Америкийн зул сарын гацуур модны холбооны төсөөлж буйгаар, энэ оны зул сарын модны ханш 10-30%-иар өсөн нэмэгдэх юм байна......

Зул сарын гацуур модны үнэ ханш өссөн нь жирийн америкчуудын амьжиргааны зардал тасралтгүй нэмэгдэж байгаагийн хураангуй тусгал юм. 11-р сард АНУ-ын инфляцын түвшин 6.8%-д хүрсэн нь сүүлийн 39 жилийн дээд үзүүлэлт болов. Хүнс, эрчим хүч, автомашин, орон сууцны үнэ бүгд илт өссөн. Гэсэн хэдий ч АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээллээр 11-р сард инфляцыг хасаж тооцсон америкчуудын цагийн цалин өмнөх оны мөн үеэс 1.9%-иар буурсан байна. Тус орны “Хэрэглэгчдийн мэдээ болон бизнесийн суваг”-ийн мэдээлсэн шигээр Америкчуудын цалингийн өссөн хэсгийг бүгдийг инфляц “залгижээ”.

Хэрэг дээрээ жирийн америкчууд хэрэглээний үнийн индексийг (CPI) харж танилцах шаардлагагүй, учир нь өдөр тутмын зарлага, түрүүвч нь цаг ямагт тэдэнд энэ бүхнийг сануулж байдаг. Тэдний хувьд цалингийн хуудсан дахь тоо ихэссэн ч худалдан авч болох эд бараа цөөрсөөр байгаа эвгүй байдалд ороод байна.

Аялал жуулчлалын үнэ нэмэгдсэнээс болж жилийн 110,000 долларын орлоготой Гленний гэр бүлийнхэн зул сарын баяраар аялах төлөвлөгөөгөө хойшлуулжээ. Гэхдээ хамгийн хэцүү нь эдгээр дундын орлоготой америкчууд биш юм. Байрны түрээс, хоол хүнс, бензиний үнэ ханш нэмэгдсээр байгаагаас болж тэдгээр бага орлоготой, бүр орлогогүй хүмүүсийн хувьд энэ зул сарын баяр бүр ч хэцүү болж байна. Блүүмберг саяхан АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээллээс иш татан мэдээлснээр, КОВИД-19 цар тахлын үеэр олгож буй тусламжийн санхүүжилт дуусаж, хүнсний үнэ өссөнөөс болж 21 сая гаруй америкчууд 12-р сарын эхээр идэх хоолгүй болсон байна.

Хачирхалтай нь хувьцааны ханш,орон сууцны үнэ өсөж, капитал хөрөнгийн гинжин хэлхээний оройд байгаа баячууд улам л баяжсаар байна. Саяхан "Форбес" сэтгүүл 2021 онд хөрөнгө нь хамгийн их өсөх дэлхийн шилдэг 10 тэрбумтныг нэрлэсэн бол тэдний 6 нь АНУ-ынх байв. Тэдний нийт хөрөнгө 2021 онд 304 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох цэвэр хөрөнгө нь 51 хувиар өссөн байна.

Цар тахлын үед Америкт баян ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсээр байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш тус орны засгийн газрын хэрэгжүүлсэн "нисдэг тэргээр мөнгө цацах" маягийн төсвийн бодлого, мөнгөний бодлоготой салшгүй холбоотой юм.

Америкчуудын хувьд баярын уур амьсгалыг сүйтгэж байгаа нь юмны үнийн өндөр ханш төдийгүй, бас ахин дахин давтагдсаар байгаа цар тахлын нөхцөл байдал байгаа юм. Одоогийн байдлаар Омикрон омог АНУ-ын 50 муж улсад халдварлаад байгаа бөгөөд тус орны хоног тутамд батлагдсан тохиолдол сүүлийн нэлээд олон хоногийн турш 200,000 даваад байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч Коллинз Омикрон нь АНУ-д батлагдсан тохиолдлын тоог нэг өдрийн дотор 1 саяд хүргэж болзошгүйг анхааруулав. Тахлын шинэ давлагаа нь ложистикийн эрэлт хангамж, ажиллах хүчний хомстлын дарамтыг улам бүр нэмэгдүүлэх бөгөөд нэгэнт "халуурсан" инфляц тийм ч хурдан шуурхай замхрахгүй байх болно гэсэн үг юм.