БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2022 оны шинэ жилийн мэндчилгээ
2021-12-31 20:11:10
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ оны хонхон дуу ойртож буй мөчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2022 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг одоо та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе:

Эрхэм найз нөхөд, хатагтай, ноёдоо:

Сайн байцгаана уу? 2022 он хаяанд ирээд байна. Би Бээжин хотоос та бүхэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Өнгөрөн одож буй 2021 оныг эргэн харахад утга төгөлдөр байлаа. Бид нам төрийн түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдолтой түүхт үйл хэргүүдийг өнгөрүүлсэн юм. Хос зуун жилийн тэмцлийн зорилтын түүхэн уулзварт социалист орчин үеийн улс орныг тал бүрээр бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх аян замд гарсан юм.

Бүтэн жилийн турш хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хороолол, сургууль, эмнэлэг, цэргийн хуаран, шинжлэх ухаан судалгааны байгууллага гээд бүгд ажил ихтэй байж, хичээл зүтгэл, амжилт бүтээлээр дүүрэн байж ирлээ. Тэвчээр хатуужилтай, цэцэглэн хөгжиж буй Хятад орныг бид бие сэтгэлээрээ жилийн турш мэдэрч ирлээ. Хятад улсад олны хүндлэл хүлээсэн, элэгсэг дотно хүмүүс олон байж, өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэх хөгжил дэвшил, өвлөн залгамжилж, уламжлан хөгжүүлсэн үйлс олон байна.

7-р сарын 1-ний өдөр бид ХКН байгуулагдсаны 100 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна. Тянь Аань Мэний индэр дээрээс агуу түүхийг эргэцүүлэхэд, ХКН ард түмнээ удирдан хүчир бэрхийг ялан давж, 100 жилийн түүхэн замналыг туулж, сүр далайцтай хөгжилд хүрсэн байна. Уг эхээ умарталгүй байж л амжилт бүтээлд хүрдэг. Бид зөвхөн шаргуу хатуужилтай зүтгэж байж түүх, цаг эрин, ард түмнээс олгосон үүрэг хариуцлагаа биелүүлж чадна.

ХКН-ын 19-р сонгуулийн Төв хорооны 6-р бүгд хурлаар намын түүхэн дэх 3 дахь чухал шийдвэр тогтоолыг баталсан. 100 жилийн ололт амжилт биднийг улам хурцалж, 100 жилийн тэмцлийн туршлага бид бүхнийг урамшуулж байна. Би өмнө нь Мао Зэдүн дарга болон ноён Хуан Яньпэй нарын “нүхэн гэр дэх уулзалт”-ын талаар ярьж байсан, бид зөвхөн тасралтгүй өөрийгөө өөрчилж шинэчилж байж л түүхэн үйл хэргийг санаачилгатай биелүүлж чадна. Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх тийм ч амар хялбар зүйл биш, уриа лоозон хашхираад биелүүлэх ч зүйл биш. Энэхүү тэмцлийн замнал тийм ч тэгш дардан биш бөгөөд богино хугацаанд биелэгдчих зүйл биш юм. Бид эрхбиш байнга холыг харж төлөвлөн, жаргалтай үед сэрэмжтэй байж, стратегийн түвшинд тэвчээр хатуужилтай байж л энэхүү зорилтыг далайцтай бөгөөд нарийн хянуур биелүүлж чадна.

Том улс гүрэнд томоохон адал явдал гэж бий. Төр засгийн зохицуулах шаардлагатай өч төчнөөн үйл явдал нь үнэндээ өч төчнөөн ард олны адал явдал юм. Би орон нутгуудаар явж, адил бус нөхцөл байдлуудтай танилцан, их олныг таньж мэдсэн. Иргэдийнхээ гэр орноор орохоор “амьдралд чинь бас ямар хүндрэл байна?” гэж асуудаг. Өргөн олон ахан дүүсийн хэлсэн үгийг сайтар тогтоон цээжилдэг.

Иргэдийн гачиг зовуурыг бид эрхбиш тодорхой таньж, тэдний хүсэл хүлээлтийг эрхбиш биелүүлэх ёстой. Би өөрөө анхан шатны хөдөө тосгонд ажиллаж амьдарч байсан болохоор ядуу хоцрогдонгуй амьдралыг биеэрээ туулсан юм. Хэдэн үеийн хүмүүсийн шаргуу хичээл зүтгэлээр ядуу амьдралтай хүмүүс өдгөө гэдэс цатгалан мөр бүтэн болсон төдийгүй, тохилог сайхан орон сууцанд амьдарч, үр хүүхэд нь мэдлэг боловсрол хүртэн, өвдөж зовбол эмчилгээний даатгалтай болсон байна. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, ядуурлыг арилгах бол нам ард түмэндээ хандаж хийсэн амлалт, мөн ч даян дэлхийн хөгжилд оруулж буй хувь нэмэр юм. Иргэд олноо улам сайн сайхан амьдруулахад бид олсон амжилтдаа сэтгэл хангалуун байж болохгүй, улам олон ажил, явах ёстой зам бидний өмнө тавигдаад байна.

Хатан гол амар амгалан байх бол Хятадын ард түмний хэдэн мянган жилийн хүсэл мөрөөдөл юм. Сүүлийн жилүүдэд бид Хатан голын дунд, дор урсгал дагуух 9 муж, өөртөө засах оронд ажилласан бол “ээж мөрөн” гэгдсэн Хөх мөрөн, Хатан гол, номин цэнхэртэх Хөхнуур, ариун тунгалаг Ялузамбу мөрөн, аль эсвэл “өмнөд нутгийн усыг умардад татах” төсөл, Сайхан давааны ойн талбар, Юньнань мужийн зааны сүргийн нүүдэл, Төвөд бөхөнгийн нүүдэл...гээд бүгд л хүн төрөлхтөн эх байгалиа дээдлэн хайрладаг л юм бол байгаль дэлхий биднийг гомдоохгүй гэдгийг гэрчилж байна.

Нэг жилийн турш Хятад улсад мөн их олон мартагдашгүй үйл явдлууд болж өрнгөсөн юм. “Эх орноо хүчирхэгжүүлэх бол бидний дархан үүрэг” гэх залуучуудын төв чанга тангараг, “ариун хайраа зөвхөн эх орондоо” гэх сэтгэлийн уянга, “Жүрүн” аппарат ангараг гарагт тандалт хийсэн, “Ихэ” дагуул нарыг тандсан, “Тяньхэ” станц сансрын уудамд аялсан, тамирчид маань спортын тэмцээнд амжилт дүүрэн оролцсон, улс орон даяараа цар тахлын эсрэг тууштай тэмцсээр байгаа, гамшигт өртсөн нутгийн иргэд маань гэр орноо сэргээн босгож байгаа, Ардын арми болон зэвсэгт цагдаагийн офицер дайчид эх орноо сахин хамгаалж байгаа гээд өч төчнөөн эгэл хүмүүсийн эгэл бус үйлс нийлээд шинэ цаг эриний Хятад улсын агуу хөгжилд хүч нэмэрлэсэн юм.

Хонконг, Макаогийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд эх орон маань анхаарал хандуулсаар ирсэн юм. Зөвхөн жаргал зовлонгоо хуваалцан, хамтдаа зүтгэж л байж “нэг улс хоёр систем”-ийг тогтвортой хэрэгжүүлж чадна. Эх орноо нэгтгэх бол Тайваний хоолойн хоёр эргийн ахан дүүсийн нийтлэг хүсэл эрмэлзэл мөн. Хятадын нийт үндэстэн түмэн мөр зэрэгцэн урагшилж, эх орныхоо сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Би гадаадын удирдагч болон олон улсын байгууллагын удирдлагуудтай утсаар ярих юм уу цахимаар уулзах үед цар тахлын эсрэг Хятад улсын тэмцэл, мөн цар тахлын эсрэг олон улсын тэмцэлд оруулсан Хятад улсын хичээл зүтгэлийг тэд өндрөөр үнэлсэн билээ. Одоогоор Хятад улс 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад коронавирусийн эсрэг 2 тэрбум гаруй тун вакцин хангаад байна. Дэлхийн улс түмэн жаргал зовлонгоо хамтатгаж, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллаж байж л хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын шинэ хуудсыг бичиглэж чадна.

Одоогоос нэг сар гаруйн дараа Бээжингийн өвлийн олимп, өвлийн пара олимп нээгдэнэ. Ирэх тусмаа олон хүнийг өвлийн спортод оролцуулах бол өвлийн олимпын хөдөлгөөний чухал зорилт юм. Тиймээс бид даян дэлхийд өвөрмөц содон өвлийн олимпыг зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. Даян дэлхий Хятад улсад хүлээлттэй байгаа бол Хятад улс бэлтгэлээ бүрэн хангаад байгаа.

Шинэ оны хонхны дуун ойртон ирлээ. Манай сансрын гурван нисэгч маань өдгөө яг уудам их сансарт аялж, хилийн чанад дахь элэг нэгт ахан дүүс маань шаргуу хөдөлмөрлөж байна. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрууд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ажилтнууд, гадаад дахь оюутан сурагчид маань мөн хүсэл тэмүүллийнхээ төлөө цуцалтгүй зүтгэсээр байна. Энд би та бүхэндээ хүндэтгэл илэрхийлж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна.

Ирээдүйн зүг хамтдаа. Эх орон, ард түмэн маань амар амгалан байх болтугай.