Мянга сонсохоор нэг хар...
2022-01-09 15:54:12
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Тесла компани 2021 оны арван хоёрдугаар сарын 31-нд Шиньжян дахь анхны төвөө Үрэмч хотод албан ёсоор нээлээ. Үүнтэй холбогдуулан Тесла  компанийн Хятадын баруун бүсийн ажил хариуцсан ажилтан "Шиньжян бол авто аяллын диваажин, улам олон хүмүүс Шиньжян руу аялах хүсэлтэй байгаа нь орон нутгийн худалдан авалт, үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна. Шиньжяны цахилгаан хөдөлгүүрт автомашиныг цэнэглэх сүлжээ эрчтэй хөгжихийг дагалдан Үрэмчид Тесла төв байгуулагдаж байгаа юм” гэжээ.

Гэвч энэ нь АНУ-ын зарим улс төрчдийн шүүмжлэлд өртөөд байна. Сенатор Рубио зүгээр сууж чадсангүй, "уур учгаараа" Твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Псаки мөн Тесла компани "хууль эрх зүй, нэр хүнд, үйлчлүүлэгчдээ алдах эрсдэлтэй" хэмээн анхааруулжээ. Эдгээр хүмүүсийн үзэл бодол, үг яриа нь АНУ-ын саяхан боловсруулсан "Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль"-тай холбоотой юм. Америкийн зарим улс төрчид энэхүү хуулийн төслийг барьж өөрийн аж ахуйн нэгжүүд нь Хятад улсын Шиньжян хоорондын худалдаа, бизнесийн харилцаа холбоог хязгаарлахыг оролдож байна. Тэр ч утгаараа Тесла  Шиньжянд төвөө ажиллуулах нь Америкийн эдгээр улс төрчдийн “хацрыг нь алгадсан” явдал болов.

Тэгвэл Тесла компани яагаад Шиньжянд салбараа ажиллуулах сонголт хийсэн бэ?

Үнэн хэрэгтээ Америкийн аж ахуй нэгж болох Тесла компани Хятадын зах зээлтэй маш их холбоотой байдаг. Түүний бизнес нь Хятадын 60 хотыг хамарч, 200 гаруй салбараа нээсэн бөгөөд Шанхай дахь үйлдвэр нь 2021 онд тус компанийн олон улсын зах зээл дэх автомашины нийлүүлэлтийн бараг тал хувийг бүрдүүлсэн юм. 2020 оны эцэс гэхэд Теслагийн Ши-аниас Үрэмч хүртэлх "Торгоны зам" цэнэглэх шугам бүрэн ашиглалтад орсон. 2021 онд Шиньжяны Хоргос хотод супер цэнэглэх станц албан ёсоор нээгдсэнээр Теслагийн “Хятадын баруун хойд нутаг дахь цэнэглэх сүлжээ”  мөн ашиглалтад орсон юм.

Жинхэнэ ёсондоо Шиньжян чухам ямар байдаг вэ? Үүнд Тесла бодит үйлдлээр хариулт өгсөн бөгөөд Шиньжянд очсон гадаадын олон хүмүүс ч өөрсдийн үзэж харснаа интернетээр илэрхийлсээр байгаа юм.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө Японы телевиз торгоны замаар сэдэвлэсэн баримтат кино үйлдэж, тус орны дотоодод маш их хандалт авч, Японы олон сэтгүүлч Хятад улсад сурвалжилга хийж, олон тооны жирийн иргэд нь хувийн зардлаараа Хятад улсад ирж аялсан байдаг юм. 2021 оны эцэст БНХАУ-аас Японы Осака дахь ерөнхий консулын газраас цар тахлын дараа Шиньжянд аялах тухай үйл ажиллагаа зохион байгуулсан бол сар хүрэхгүй хугацаанд тус орны 1028 хүн нэрээ мэдүүлсэн байна.

Зөвхөн Япон төдийгүй, сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны хүмүүс Хятад улс, тэр дундаа Шиньжянд ирж газар дээр нь бодит байдалтай нь танилцсаар байна. Тэдний нэг бол даруй Израилийн Раз Галор гэдэг 30 сая гаруй дагагчтай интернетийн од залуу юм.

2021 онд Шиньжянд очсоны дараа Раз Галор тухайн нутгийн нэг хөвөнгийн тариачинтай танилцаж, тэндээс Шиньжяны хөвөнгийн тариалангийн машин механик, автоматажсан үйлдвэрлэлийн талаар газар дээр нь ойлгосон бөгөөд хөвөнгийн тариачид хэдэн му тариалангаас жилдээ 700-800 мянган юанийн орлого олдгийг нь мэдээлсэн юм. Тэрээр мөн Хятадын их бага олон хотуудаар явж, тухайн нутгийн онцлог байдал, зан иргэншилтэй танилцсан бөгөөд “Шиньжянчууд өөрийн амьдрал ахуйн тухайгаа хамгийн их үг хэлэх эрхтэй” хэмээн бичсэн байна. Өдгөө Раз Галор шиг Хятад улсад ирж биеэрээ үзэж танилцаж буй гадаад хүмүүс ирэх тусмаа олширч байна. Үүнд Канад, Австрали, Америкийн иргэд бүгд бий. Тэд өөрийн камертаа Хятад улсын үнэн мөн байдлыг буулгаж, олон улсын интернет ашиглагчдад хүргэсээр байна.

2020 онд Хятадын ШУӨЗО давхацсан тоогоор 158 сая жуулчин хүлээн авсан бол эдгээр жуулчид тухайн нутгийн бодит байдал, хөгжил дэвшлийг газар дээр нь үзэж танилцсан гэсэн үг юм. “олбог цоолсон мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр”, “Мянга сонсохоор нэг хар” гэх зэрэг хэлц үгүүд байдаг биз. Тэдгээр ажлын өрөөндөө олбог цоолж буй Америкийн улс төрчид зав гаргаж Шиньжянд очиж хараарай.