Ши Жиньпин Александр Лукашенкотой утсаар ярьжээ
2022-01-10 19:55:57
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэгдүгээр сарын 10-ны үдээс хойно Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярьжээ.

Ши Жиньпин: Энэ жил Хятад, Беларусь дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, Беларусийн харилцаа баялаг амжилт тогтоолоо. Хоёр тал харилцан итгэлцэж, харилцан ашигтайгаар хамтдаа ашиг хүртсэн иж бүрэн стратегийн түнш болсон. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр талын худалдааны хэмжээ 50 дахинаар нэмэгдэж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарын солилцоо улам гүнзгийрч, улс орнуудын найрсаг солилцоо, харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Хятад улс Беларусийн талтай хамтдаа хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор шинэ гараа болгож, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Беларусийн иж бүрэн стратегийн түншийн хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Шинэ нөхцөл байдалд хоёр тал нягт хамтран ажиллаж, олон талт үзлийг баримталж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Хятад улс Беларусийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, Беларусь улс үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар явахыг тууштай дэмжинэ гэжээ.

Лукашенко: Беларусийн ард түмэн Хятадын ард түмэнд үргэлж чин сэтгэлээсээ найрсаг ханддаг бөгөөд Беларусьт тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Олон улсын болон бүс нутгийн байдал гүнзгий бөгөөд ээдрээтэй өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд Беларусь Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа хадгалж ажиллахыг хүсэж байна. Беларусь, Хятад дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах боломж болгон тэмдэглэхэд бэлэн байна, Хятадтай хамтаар Беларусь-Хятадын аж үйлдвэрийн паркийг сайтар хөгжүүлэхийг хүсэж байна. Тахлын эсрэг, Хятадын уламжлалт анагаах ухаан, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Беларусь үргэлж Хятадын найдвартай түнш байх болно. Хятадын ард түмэнд хаврын баярын мэндийг урьдчилан хүргэж байна гэжээ.

Д.Хүчитбаатар