Хүүхдийн мөсөн спортоор сэдэвлэсэн “Мөсөн дээрх тэмүүлэл” буюу “Burning Ice” хэмээх анхны баримтад кино саяхан Хятад улсын кино театруудаар гарлаа. Гурван жил шахмын хугацаанд Хятад, Орос, Швейцар, Канад зэрэг орнуудаар явж зураг авалт хийгдсэн тус баримтад кинонд шайбтай хоккейн спортоор хичээллэгч гурван хүүхдийн спортын тэмүүлэл мөрөөдлийн үлгэрийг өгүүлсэн байна. Ингээд одоо Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Чэнь Хүй Тиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Шайбтай хоккей бол өвлийн олимпд оролцогч тамирчдынхаа тоогоор хамгийн олон мөсөн спортын багийн тэмцээний төрөл бөгөөд өрсөлдөөн ид ширүүн явагддаг “зоримог тоглоом” билээ. Бээжин хотын хувьд шайбтай хоккейн спортод оролцогчдын тоо 2012 онд зуу хүрэхгүй байсан бол өвлийн олимпын зохион байгуулах эрхийг авснаар маш түргэн хөгжиж, тус төрлийн спорт нь сургууль, хороололд хүртэл түгээмжлэгдэж, залуучууд багачуудын спортын хөдөлгөөний дуртай оролцдог төрөл болсон байна. Ийм ч учраас залуу найруулагч Лю Ханьшян 2018 оноос эхлэн Бээжингийн гурван хүүхдийн шайбтай хоккейн мөрөөдлийнхөө төлөө чармайсан хичээл тэмүүллийн үйл явдлыг дурандаа буулгахыг зорьжээ. “Мөсөн дээрх тэмүүлэл” киноныхоо талаар найруулагч Лю Ханьшян ийн танилцуулав.
“Хятад улс 300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дэмжинэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн, мэдээж үүнд маш олон өсвөр насныхан, бас тэдний ар гэрийнхэн багтаж байгаа юм. Өвлийн олимпын тамирчдаар жишээлэхэд, тэд амжилт гарган алтан медаль, эсвэл мөнгөн медаль хүртэхийг нь бид хардаг, гэхэд бид эдгээр тамирчдын өсвөр бага насандаа ямаршуу байсныг нь мэдэхгүй, энэ нь яг манай тус кино дахь хүүхдүүдийн өсвөр багад нь тохиолдсон сонголттой адилхан юм. Бид яг иймэрхүү агуулгыг баримтад киногоороо харуулсан.”
“Мөсөн дээрх тэмүүлэл” баримтад кинонд өсвөр хүүхдүүд эцэг эхийнхээ дагуулалт дор дасгал сургуулиа шаргуу хийж буй байдал, бас тэмцээний үеэр хоёр талын хоккейчид ширүүн өрсөлдөж буй байдал, хүүхдүүд алс холын ОХУ болон Швейцарын шайбтай хоккейн сургуульд очиж бэлтгэл хийсэн зэрэг үнэн бодит үйл явдлууд гардаг. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ хоккейн спортод оролцуулсны хамгийн анхны бодол зорилтоо хуваалцсан байна.
“Юй-гийн аавын яриа: Эрэгтэй хүүхэд юм чинь жоохон ширүүн өрсөлдөөнтэй спортоор хичээллэхэд зүгээр байдаг, Юй Ли-фаний зан байдал нь харьцангуй зөөлөн, бид түүний дараасыг жоохон нэмж, илүү эрч зоригтой нэгэн болоосой гэж хүссэн юм.”
“Чюй-гийн аавын яриа: Хүмүүс түүнээс асуухад хожим тэр од болно, Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лигийн NHL-д тоглох болно гэж хариулдаг. Тэр ийм хүсэл мөрөөдөлтэй байгаа учраас гэрийн ахмад болсны хувьд бид бүх сэтгэлээр дэмжих л хэрэгтэй.”
Кинонд гардаг өсвөр тамирчид ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хүний амьдралын анхны даваа тохиож, цаашид мэргэжлийн чиглэлээр замнах эсэх, хэрэв ингэвэл энэ зорилтоо хэрхэн биелүүлэх бэ гэсэн сонголтод нүүрлэсэн байна. Гурван хүүхдийн эцэг эхчүүд нь өөр өөр гурван зүйлийн сонголт хийжээ. Киноны найруулагч Лю Ханьшян хүүхдүүдийн гурван жилийн амьдрал, бэлтгэл дасгалыг даган зураг авалт хийж явахдаа өөрөө ч гэсэн олон зүйлийг мэдэрч явжээ.
“Бидний хувьд харьцуулан лавлагаа болгочих иймэрхүү өсвөр хүүхдээр сэдэв болгосон баримтад кино олон улсад байгаагүй, лавлагаа болгох зүйл алга. Бидний эдгээр үлгэрүүд цаг хугацааг даган аяндаа ургаж гарч ирсэн юм. Хүүхдүүд мөсөн талбайд мэрийн чармайж, бэлтгэл хийж, өсөн торниж буй үйл явц байлаа. Эцэс эхчүүд ард талд нь хөгжөөн дэмжигчид болж, бас заримдаа магадгүй хагас дасгалжуулагч болчихсон байх жишээтэй. Үнэндээ энэ нь хүний л амьдралын хүсэл тэмүүллийн талбар биш гэж үү? Хоккейн тухай ярьж байгаа мэт боловч энэ нь ердөө зүйрлэл юм, үнэндээ хүүхдүүдийн өсөн торниж байгаа, эцэг эхчүүд ч улам олныг мэдэж сурсан талаар өгүүлсэн юм.”
\Уртнасан.\