2021 онд Хятад улсын татсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ түүхэн шинэ амжилт тогтоожээ 
2022-01-17 16:49:04
Share
Share this with Close
youtube WeChat

Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь тухайн орны нээлттэй байдлын түвшинг азнах “цонх” төдийгүй тухайн орны эдийн засгийн эрч хүчийг тусгах “барометр” юм. Хятадын худалдааны яамнаас 1-р сарын 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятад улсын бодитоор авч ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 1 их наяд 100 тэрбум юаниас давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.9%-иар өссөн бол 2021 онд гадаадын компаниуд Хятадын зах зээлд оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлэн нэмэгдүүлж, Хятад улсыг хөрөнгө оруулалт хийх таатай газраа болгосон байна. 

Өнгөрсөн онд Хятад улсын татсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр оронтой тоогоор нэмэгджээ. Хятадын худалдааны яамны сүүлийн жилүүдийн гадаадын хөрөнгө оруулалтыг татсан “ололт амжилтын жагсаалт”-аас үзвэл, 2021 онд Хятад улс 1 их наяд 149 тэрбум 360 сая юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг авч ашигласнаар, гадаадын хөрөнгө оруулалтын цар хэмжээ шинэ дээд амжилт тогтоожээ. Ялангуяа “Бүс ба зам” дагуух орнууд болон АСЕАН-ы орнуудын хийсэн хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр оронтой тоогоор өссөн нь үндэсний гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтөөс хол өндөр байна. Хятадын худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн зөвлөлийн орлогч дарга Жан Жяньпин ийнхүү ярилаа.

“Иймэрхүү хамтын ажиллагаанд өргөн цар хүрээтэй, гүнзгий стратегийн төлөвлөгөөний холболт, бодлогын уялдаа холбоо, дэд бүтцийн түншлэл багтаж байгаа, мөн ард иргэд хоорондын харилцаа холбоо нь хөрөнгө оруулалтын илүү таатай орчныг бүрдүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд маш сайн нөхцөл байдлыг бий болгож өгсөн юм. АСЕАН болон Хятад хоорондын эдийн засаг худалдааны харилцаа сүүлийн жилүүдэд байнга бэхжин хөгжсөөр ирлээ. Чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр ч сүүлийн хэдэн жилд хоёр удаагаа шинэчлэгдсэн бөгөөд одоо нэгэнт Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны хэлэлцээрийн гурав дахь шинэчлэгдсэн хувилбарыг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна, "Бүс ба зам"-ын хүрээнд Хятад, АСЕАН нь олон улсын хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг эрчтэй өрнүүлснээр Хятад, АСЕАН хоорондын аж үйлдвэрийн гинжийн хэлхээний холболт, эдийн засгийн харилцан нөхөх уялдаа холбоог ч улмаар бэхжүүлж чадсан байна."

Хаана зах зээл, боломж байна, хөрөнгө оруулалт тэр зүг рүү урсдаг учиртай. 2021 оны 8-р сард Саудын Арабын SABIC компани болон Хятадын Фүжяний нефть химийн групп, дэлхийн хэмжээний томоохон нефть химийн цогцолборыг бүтээн байгуулахын тулд хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээнд гарын үсэг зурсан бол 10-р сард гадаадын хөрөнгө оруулалттай топ 500 эм бэлдмэлийн компани болох Medtronic-тэй хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, Шанхай хотод хамгийн сүүлийн үеийн эм эмнэлгийн технологийн аж үйлдвэрийн баазын төслийг бий болгожээ. 11-р сард Exxon Mobil Huizhou этилен төсөл бүх талын бүтээн байгуулалтын шатандаа орсон... Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн эрчтэй үйл ажиллагааны улмаар Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг улам олон хүмүүс өөдрөгөөр харж үзэх болжээ.

Үндэстэн дамнасан олон компаниудын хувьд, Хятад улс дэлхийн үр ашгийн өсөлтийн "гол хөдөлгүүр хүчин" болсон. Боерингер-Ингельхайм компанийн ахлах дэд захирал Феликс Гутше хэлэхдээ:“Даяаршлын боломжуудын дагуу хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Хятадын түншүүдтэй хамтран ажиллах, тухайн нутгийн өвчтөн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө Хятадад дэлхийн инновацийг нэвтрүүлэх нь манай компанийн хувьд маш чухал ажил гэж бид үзэж байна.”

Одоогийн байдлаар, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөлөө бууруулсны зэрэгцээ 2022 онд Хятадын эдийн засгийн өсөлтөд итгэлтэй хэвээр байна. Дэлхийн банкнаас энэ долоо хоногт нийтэлсэн сүүлийн үеийн "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай тайлан"-д, 2022 онд Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд 5.1% буюу дэлхийн 4.1%-ийн өсөлтөөс дээгүүр байна гэж төсөөлжээ.

2022 оны 1-р сарын 1-ээс гадаадын хөрөнгө оруулалтдын зөвшөөрлийн сөрөг жагсаалтын шинэ хувилбар хэрэгжиж эхэлсэн. Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин 13-нд хэлэхдээ, Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, Хятад улсыг урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай газар болгоно гэжээ.

"Гадаадын хөрөнгө оруулалтыг үндэсний хэмжээнд болон чөлөөт худалдааны туршилтын бүсэд нэвтрүүлэх 2021 оны сөрөг жагсаалтыг сайтар хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээ, өндөр технологи, эрчим хүч хэмнэж, байгаль орчныг хамгаалах, ногоон болон нүүрстөрөгч багатай, дижитал эдийн засаг зэрэг шинээр хөгжиж буй салбарууд болон төв, баруун нутагт улам их хөрөнгө оруулах зорилгоор "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн аж үйлдвэрийн каталог"-ыг шинэчлэн өргөжүүлнэ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, түүний хэрэгжүүлэх дүрэм нь заалтуудтай нийцэхгүй байдлыг бүхэлд нь арилгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд шударга хандах дүрмүүдийг авч хэрэгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гомдол гаргах механизмын үүргийг бүрэн гүйцэтгэж, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын Хятадад ирж хөрөнгө оруулах хүлээлт, итгэлийг тогтвортой байлгах болно. " \Ренчинсоо\