Америкийн интернетийн одны Хятадтай холбосон хувь барилдлага
2022-01-19 10:59:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын интернетийн платформ дээр гадаадын "интернет одууд" идэвхтэй ажилладаг бөгөөд интернетээр дамжин Хятадын соёлтой хувь барилдлагатай болсон төдийгүй мөн интернетээр дамжуулан энэхүү дорнын орны хөгжил хувирлыг нүдээрээ харж, бүр цаашлаад энэхүү бодит байдлыг дэлхий дахинд үнэн мөнөөр нь мэдээлж байдаг. Үзэсгэлэнт сайхан Чүнчин хотод суурьшин амьдарсан Америк хүн Бен Браун бол тэдний нэг байгаа юм. Тэгвэл энэхүү америк хүн Хятадтай ямар хувь барилдлагатай болсон бол? 

АНУ-ын Миннесота муж улсаас ирсэн Бен Браун Чүнчин хотод 26 жил амьдарчээ. Өөрийгөө ч жинхэнэ "Чүнчины уугуул" болсон, нутгийн онцлог болсон халуун тогоо идэх дуртай гэж хэлдэг. Тэрээр Хятадын өдөр ирэх тусмаа хөгжиж буй интернетийн платформоор Чүнчин хотын амтат хоол унд, соёл түүхийг танилцуулсаар байгаад нэлээд нэр алдартай болжээ.

"Энэ хотын хоолны соёлд халуун тогоо голлодог. Би иймэрхүү соёлд маш дуртай. Тийм болохоор богино видео бичлэг ашиглан тус хотын онцлогтой идээн ундааныг дотоодын иргэдэд танилцуулаад зогсохгүй бүр гадаадын иргэдэд танилцуулахыг хичээсээр ирлээ. Ялангуяа богино видео бичлэгүүд дөнгөж моод болж эхлэхэд Хятадын хэмжээнд Чүнчин хот ч байнга нэр усаа дуудуулах болсон."

Амтат хоол ундны соёлоос гадна Бен Браун олон материал цуглуулан, эргэн тойрны амьдралынхаа сонирхолтой үйл явдлуудаар богино видео бичлэг үйлдэж, эгэл жирийн Хятадын ардуудын амьдралыг гадаадын интернет ашиглагчдад танилцуулсан байна. Харин түүний богино видео бүтээлүүд дотроос "дуудлагын жолооч"-ийн тухай үлгэр нь гадаадын интернет ашиглагчдын сонирхлыг их татжээ.

"Өнгөрсөн жил нэг Америк найз маань надтай уулзахаар ирсэн. Уулзаагүй удсан болохоор хоёулаа бага уулаа. Тэгээд архи уусан болохоор явахдаа жолооч дуудлаа. Тэгсэн чинь найз маань их гайхлаа, би энэ дуудлагаар ирсэн жолооч машиныг минь барьж биднийг гэрт нь хүргэж өгнө гэж хэлсэнд бүр ч гайхаад, хөө, энэ үнэхээр амархан таатай юм байна даа гэхэд нь би: тийм ээ, энэ бол Хятад улс, ийм л амархан байгаа биз гэж хариулсан."

Чүнчин хотод англи хэлний багшаар ажиллаж, баар нээж байсан Бен Браун сэтгүүлчдэд хэлэхдээ, видео бичлэгүүд интернетээр дамжин тарсны дараа, тэрээр олны танил тасал “интернетийн од” болж, өдөрт олон "фенүүд" нь түүнтэй уулзан зураг авахуулдаг болсон гэжээ.

Интернэт ашиглан амьдралаа бичиглэдэг Бен Браун Чүнчин болон Хятадын хөгжил, хувирлыг бичиглэж явна. Цар тахал газар авч, дэлхийн эдийн засаг хэсэг хугацаанд зогсонги байдалд ороод байхад түүний амьдарч буй хот сэргэн хөгжөөд байсан бүх явцыг нүдээрээ харжээ.

"Үнэндээ Чүнчин хотын хоол ундны соёлд гарсан өөрчлөлт хувирлаас, тахлын улмаас олон дэлгүүр хаагдсан ч одоо үндсэндээ сэргэсэн байна. Ялангуяа эдгээр ресторанууд бизнесээ үргэлжлүүлсээр байна, ёстой гайхалтай. Хятад улс үнэхээр сайн ажиллаж чадсан гэж би бодож байна."

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил хэвийн болж байгаатай холбогдуулан Хятадын онлайн худалдаа, цахим худалдаа, зайнаас эмчилгээ хийх, онлайн зугаа цэнгэл зэрэг дижитал эдийн засгийн шинэ төлөв байдал, шинэ загварууд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Интернет болон түүний төлөөлөл болсон дижитал эдийн засаг нь Хятадын хурдтай хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүчин болсон юм.

"Интернэт бол өнөөгийн хамгийн том боломж, интернет байнга өөрчлөгдөж байна. Би ийм од болно гэж төсөөлөөгүй. Дараагийн алхам нь юу болох, хэрхэн хөгжих бол гэдэгт маш их сонирхож байна."

Бен Браун Хятадаас насны ханиа олж, гэр бүл байгуулан үр хүүхэдтэй болсон бөгөөд Хятадын Чүнчин хот нь түүний хоёр дахь эх орон болжээ. Зураглал бичлэгээ ашиглан, өөрийн үзэж харснаа дэлхий нийтэд таниулахад маш баяртай байна гэж Бен Браун хэлж байлаа.

"Тахал өвчний улмаас улс орнууд бүгд "хөл хорио" тогтоосон боловч энэ нь үүрдийн биш, хэсэг хугацааны дараа улам олон хүмүүс Хятад руу аялах болно. Хэрэв надад гадаадын олон нийтийн сүлжээнд ч бичлэгээ нийтлэх боломж олдвол гадаад орнуудад, ялангуяа эх орондоо Чүнчин хотыг сайтар танилцуулна, тэгвэл улам олон хүмүүс миний дуртай халуун тогоо, рестораны гоймонтой танилцах боломжтой."  \Ренчинсоо\