Мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн түүх
2022-01-20 20:52:35
Share
Share this with Close
youtube WeChat

2016 онд Зимбабвейн залуу Валтер Мусанху Хятад улсад хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажилласан бөгөөд өдгөө хөл бөмбөгийн сургуулиа байгуулаад гурван жилийн нүүр үзэж байна.  Бусдын дор ажиллаж байснаасаа өөрөө босс болж хөрөнгө босгосон, сургуулиа анх байгуулах үед гуравхан сурагчтай байсан бол одоо таван ангийн зуу шахам хүүхэдтэй болсон учраас Хятад улсад мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа Зимбабвей залуу сэтгэл хангалуун байлаа. Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлч Жү Ваньлиний түүнтэй уулзан хийсэн ярилцлагыг хүргэж байна.

2021 оны 12-р сарын сүүлчээр Бээжингийн зүүн хойд дөрөвдүгээр тойрог замын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд болж буй хөл бөмбөгийн тэмцээнийн талбайн хажуугаас Валтер Мусанху 8, 9 настай хэдэн хүүхдээ нүд салгалгүй харж хааяа нэг хашхиран юм сануулж байлаа.

1987 онд төрсөн  Валтер Мусанху Зимбабвей хүн, мэргэжлийн хөл бөмбөгчин байсан бөгөөд Австрийн мэрэгжлийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байсан билээ. Өвдөг нь бэртсэний улмаас тэрээр Европоос эх орондоо буцаж, зодгоо тайлжээ. Түүний дараа нь Европ болон Африкийн дасгалжуулагчийн үнэмлэх аваад 2016 онд Хятад улсад ирсэн юм.

“2016 оноос 2019 он хүртэл би нэг клубд ажиллаж байлаа.”

Хятад улсад анх ирээд  Валтер Мусанху хүүхэд залуусын хөл бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байснаа нэлээд туршлага хуримтлуулсны дараа 2019 оны сүүлийн хагаст өөрийнхөө хөл бөмбөгийн сургууль буюу Жя Дэ Ай хөл бөмбөгийн коллежоо байгуулжээ.

“Гадаадын хүний хувьд хөрөнгө босгох гэдэг тийм ч амар зүйл биш, хамгийн хэцүү нь сурагч олох явдал.”

 Эцэг эхчүүдийн хувьд Валтер Мусанху-ийг тэвчээртэй, сайхан зантай, хүүхдийг  аргадаж чаддаг гэж үздэг. Сургууль анх байгуулсан үеэс нь түүнийг дагасан шавь нар нь бүгд  Валтер Мусанху-д шавилсан бөгөөд хүүхдийн эцэг эхчүүд нь ч дасгалжуулагчийнх нь эрдэм чадварыг үнэлж байдаг.

“Миний хүү Валтер Мусанху дасгалжуулагчийн сургуулилтыг нь хараад өөрөө сурах юмсан гээд байсан. Нэг удаа хичээлд нь ороод энэ дасгалжуулагчаас сурна гэж шийдээд одоод хүрлээ. ”

“Биеэ бялдаржуулах, бүгдээрээ хамтрахыг онцолдог үзэл баримтлал нь их таалагддаг. ”

“Шинэ хуучин гишүүн гэж ялгахгүй, уралдаанд оролцсон тамирчин болгонд талбайд тоглох боломж олгоно. Маш шударга байдаг.  ”

 Хятадын хүүхдүүд хөл бөмбөгөнд сонирхолтой, хайртай, арга ухаан нь таардаг л юм бол тэдэнтэй сайхан харилцах боломжтой гэж  Валтер Мусанху ярьж байлаа:

“Би хүүхдүүдтэй өөрийн аргаараа харилцдаг: Хүүхэд бол хүүхдээрээ л байг, би аль болох хүүхдийн бодлоор тэднийг ойлгохыг оролддог. Ингээд бид ойлголцоно. Хүүхдүүд маш хэнэггүй, хайр халамж л хүсдэг. Түүнийг нь өгөх юм бол үе зайгүй болж чаддаг. Тийм учраас шинэ шавь ирвэл би тэднийг өөрийн хүссэнээрээ л байхыг нь урамшуулдаг, тэгж байж би хүүхдийг ойлгож танина. Мэдээж өөрийн санаа бодлоо ч тэд нарт ойлгуулдаг. ”

 Валтер Мусанху Зимбабвейн “Мбаре” хэмээх ядуучуудын хотхонд төрсөн юм. Хөл бөмбөгийн төлөө тэрээр хар багаасаа төрсөн нутгаасаа салж, тэнэж тэмүүлж ирлээ. Түүнтэй адилхан хөл бөмбөгийн  мөрөөдөлтэй хүүхдүүд өөрийн гэсэн амьдралын замаараа замнаасай гэж хүсдэг.  Цар тахал дуусмагц Хятадын шавь нараа Зимбабвейд урьж, өөрийн өсөж төрсөн нутгаараа зочлуулах төлөвлөгөөтэй хэмээн Валтер Мусанху ярьж байлаа:

“Бүх юм сайхан болбол бид нэг соёлын солилцооны төсөл хэрэгжүүлж, Хятадын хүүхдүүдийг Зимбабвейд аялуулъя гэж бодож байна. Зимбабвейн хүүхдүүд яаж амьдарч байхыг харуулъя гэж бодох юм. Дэлхий дээр бас Мбаре шиг тийм газар байдгийг хүүхдүүдэд харуулахыг хүсдэг. Тэгээд харьж ирсэн хойноо хүүхдүүд маань илүү зоригтой, тэсвэртэй тэмцэх байх гэдэгт найдаж байна.”