Бээжингийн өвлийн олимпын үеэр тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг гадаадын тамирчид дэмжиж байна 
2022-01-21 16:19:08
Share
Share this with Close
youtube WeChat

Удахгүй Бээжингийн өвлийн олимп албан ёсоор нээгдэх гэж байна. Сэтгүүлч саяхан Европын олон газруудаар хүрч тэмцээнд бэлтгэж буй гадаадын тамирчид уулзсан бол тэдний дийлэнх нь Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлээд, өвлийн олимпыг аюулгүй зохион явуулах нь юунаас ч илүү чухал хэмээн үзэцгээсэн байна. 

“Тамирчдын хувьд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг дагаж мөрдөн, дараа нь бэлтгэл сургуулилт, тэмцээндээ анхаарал хандуулах ёстой. Мэдээж энэ удаагийн өвлийн олимп цар тахлын нөхцөл байдалд болж байгаагаараа онцгой юм. Бид бэлтгэл сургуулилт, тэмцээнээ хаалттай байдалд явуулах учраас өмнөх өвлийн олимп шиг чөлөөтэй байх боломжгүй. Гэхдээ энэ нь тийм ч том асуудал биш. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бидний оролцсон тэмцээнүүд бүгд л тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хатуу бодлоготой байсаар ирсэн болохоор аюулгүй тэмцээн хамгийн чухал гэдгийг бид мэдсэн" гэж Францын уран гулгалтын бүжгийн дэлхийн аварга Сизерон, Пападакис нар хэллээ. Тэд Бээжингийн тухай маш сайхан дурсамжтай. 2017 оны уран гулгалтын Гранприйн Хятад дахь тэмцээнд 200,43-ийн оноогоор шинэ рекорд тогтоож байсан юм.


Сизерон, Пападакис нартай адилаар Бээжинг аз хийморь хурайлсан газар хэмээн бэлэгшээдэг Австрийн сноубордын олимпын аварга Анна Гассер: "Би Бээжинд очиж оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргадаг байлаа. "Air&Style" нэртэй тэмцээнд хоёр ч удаагаа оролцож, алт, мөнгөн медаль авч байсан. Эдгээр сайхан дурсамжууд энэ жил үргэлжлээсэй гэж найдаж байна. Бээжингийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоос илүүтэйгээр өвлийн олимпоос өмнө өөрөө халдвар авахгүй байхаа баталж чадах эсэх дээр л санаа зовж байна. Өвлийн олимпын цаг нь болбол хамгийн аюулгүй газар очсон гэдэгт би итгэж байна" гэжээ.

Швейцарийн сноубордын тамирчин Ян Шерер ч сүүлийн үед маш болгоомжтой байгаа, түүний хэлэхээр өөрөө хүн ихтэй газраас зайдуу байхыг хичээдэг. Хэрэв одоо халдвар авбал өвлийн олимпд оролцох боломжоо алдлаа гэсэн үг. "Өвлийн олимпын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого илүү хатуу байгаа нь сайн явдал. Одоо дэлхий даяар онцгой нөхцөл байдалд байгаа, бид энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би Бээжингийн Юньтин цанын баазад хоёр удаа очсон, тэндэхийн нөхцөл байдал маш сайн байсан. Хэдийгээр цаг агаар хүйтэн байлаа ч гэсэн талбай заал, зочид буудал, хоол ундны нөхцөл байдал маш сайн байсан. Тиймээс өөрөө өвлийн олимпыг тэсэн ядан хүлээж байна" гэв.

"Сүүлийн үеэс гадаадын хэвлэл мэдээллийнхэн Бээжингийн өвлийн олимпын тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шуугиан дэгдээж, сөрөг муу үг яриа тараасаар байна. Гэвч эцсийн эцэстээ өвлийн олимпын индэр нь тамирчдын байх ёстой, тамирчдын үзэл бодол хамгийн чухал" гэж Америкийн сноубордын шилдэг тамирчин Шон Уайт тэмцээнд оролцох бүх тамирчдын сэтгэлийн үгийг хэлсэн юм.

"Удаан хугацаанд дэлхий нийт тахлын бараан сүүдэр дор байсаар ирлээ. Азаар бидэнд өвлийн олимп тохиосон нь үнэхээр гайхалтай зүйл. Иймээс Хятад улс, Олимпын том гэр бүлд баярлалаа. Ийм хүнд хэцүү цаг үед өвлийн олимпыг зохион байгуулна гэдэг амаргүй хэрэг." гэж Шон Уайт хэлжээ. \Ренчинсоо\