Цасан нурангид шаргуу бэлтгэдэг Пакистаны тамирчин
2022-01-22 11:31:44
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны хойд хэсгийн Гилгит-Балтистан бүсийн Дээд Налта тосгоны Мохаммад Карим бол Бээжингийн өвлийн олимпд оролцох гэж буй Пакистаны цорын ганц тамирчин бөгөөд Пакистаны цорын ганц хоёр удаагийн өвлийн олимпод оролцсон тамирчин юм. Карим Бээжинд ирэхийнхээ өмнө Исламабад дахь Жинна спортын ордонд сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Бээжингийн өвлийн олимпд гурван жилийн турш бэлтгэсэн бөгөөд Бээжинд өөрийнхөө дээд амжилтаа бүтээхийг  мөрөөдөж байна гэж байлаа. Хятадын төв радио телевизээс Пакистанд суугаа сэтгүүлч Лю Чаны илгээсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг сонсоно уу.

 Мохаммад Карим энэ жил 26 настай, цанын спортын хуучин тамирчин болжээ. Далайн төвшнөөс 3000 гаруй метрт байдаг цанын бааз Налтад төрсөн тэрээр дөрөвхөн настайгаасаа аав болоод ахаа дагаж цанаар гулгаж сурсан юм.

“Миний нутаг Гилгит-Балтистан бүсийн Дээд Налта тосгон уул хайрханы дунд, далайн төвшнөөс өндөрт байдаг. Би цанаар гулгах дуртай, сэтгэл огшоох хурдтай спорт, би 4 наснаасаа цанаар гулгасан. Анх сурахад аав маань надад модоор цанын тэшүүр хийж өгч байлаа. Ах маань өндөр уулын цанын спортын дасгалжуулагч, өвөлдөө сургууль чөлөө тавихаар нь би ахтайгаа хамт цанаар гулгаж, цагаа өнгөрүүлдэг. 4 настайгаасаа би хурдан гулгалтын сургуулилт хийж эхэлсэн.”

Гэр бүлийнхээ нөлөөгөөр Карим цанаар гулгах сонирхолтой болсон бөгөөд өндөр уулын байгалийн цанын бааз нь түүний бие бялдар, цанаар гулгах маш сайн ур чадварыг хөгжүүлсэн юм. 10 настайдаа Пакистаны Агаарын цэргийн зохион байгуулсан хүүхдийн цанын тэмцээнд ур чадвараа таниулсан бөгөөд түүнээс хойш агаарын цэргийн ивээн тэтгэлгээр гадаадад мэргэжлийн сургалтад хамрагдан, тэмцээнд оролцохоор явж, цанын спортын түвшин нь дээшилсээр байв. Тэрээр 15 настайдаа Пакистаны шигшээ багийн мэргэжлийн цаначин болж, уулын цанаар хичээллэж, гадаад дотоодын цанын төрөлд оролцон алт, мөнгөн медаль хүртэж байжээ.

 "Би цанын спортоор хичээллэж эхэлснээс хойш уулын цанын тэмцээнүүдэд оролцож, гол нь слалом, гигант слаломд түлхүү оролцож байжээ. Цанын улсын тэмцээнээс би 22 алт, олон улсын цанын тэмцээнээс 3 алт, 3 хүрэл, 1 мөнгөн медаль хүртсэн юм. "

Пакистанд битүү цанын бааз байдаггүй бөгөөд Карим зөвхөн өвөлдөө хойд Налта, Малангаба цанын баазуудад бэлтгэл хийх боломжтой. Цасан талбайн цас хайлж дууссаны дараа тэрээр хавцал руу нурсан цасыг арга бүхнийг сүвэгчлэн хайж олоод амь насны аюулыг хайхрахгүй үргэлжлэн хагас сараас нэг сарын хугацаатай бэлтгэдэг байв. Энэ төрлийн сургалт нь маш эрсдэлтэй хэдий ч Карим цанын гулгалтын чадвараа сайжруулахын тулд хязгаарлагдмал нөхцөлд үүнээс өөр аргагүй гэж үздэг.

"Тэнд жил бүр гурван сар цас ордог, дараа зун нь цаст уулын оройд байнга цас нурдаг. Миний хувьд цасны нуралтын дараа тэнд бэлтгэл сургуулилт хийхэд маш сайн, цанаар гулгах ур чадвараа дээшлүүлэхэд маш тустай."

Жил болгон цөөн хэдэн сардаа цасан дээр цанын гулгалтаар хичээллэхээс гадна Карим ихэнх цагаа зөвхөн загварчлагч дээр сурах боломжтой юм. Цанаар гулгах чадвараа улам сайжруулахын тулд Карим олон улсын тэмцээнд оролцох бүх боломжоо ашиглан суралцаж, бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд энэ удаагийн Бээжингийн өвлийн олимп нь түүний хамгийн сайн бэлтгэлийн талбай болох юм. Тэрээр 22 хүртлээ өвлийн олимпд хоёр удаа оролцож байна.

 "Би 2014 онд Сочигийн өвлийн олимпд оролцоход Сочид цаг агаар тийм ч хүйтэн биш, цас нь зөөлөн, маш таатай байсан. Тэнд цанын дэлхийн аваргуудтай уулзаж танилцлаа. Өөрийн  мэргэжил чадвараа дээшлүүлэхийг л хүсэж байсан, яг суралцаж туршлага хуримтлуулж байсан цаг үе л дэ. 2018 оны Пёнчаны өвлийн олимпын үед өөрөө Сочид байснаас хамаагүй дээр болсон. Пёнчаны цанын баазын нөхцөл байдал, цанын замууд ч Сочигийн олимпоос маш өөр. БНСУ-д хүйтэн, цасны зам нь хатуу, гоё санагдлаа. Миний цанын гулгалтын мэргэжил ч нэлээд дээшилсэн. Би БНСУ-д цанын гулгалтын бэлтгэлээ удаан хийсэн, надад авч хэлбэл маш сайн завшаан юм. ”

Залуухнаараа хоёр удаагийн олимпийн наадамд оролцож, гадаад дотоодын олон шагналыг авсан Карим үүндээ сэтгэл ханаж суугаагүй. Бээжингийн өвлийн олимп түүний шинэ зорилт болсон бөгөөд үүгээр дамжин цанын ур чадвараа үргэлжлүүлэн ахиулахын зэрэгцээ цанаар гулгах дуртай пакистан хүүхдүүдэд урам зориг хайрлахыг хүсэн найдаж буй сэтгэгдлээ хуваалцлаа:

"Спорт бол миний амьдрал. Тамирчны хувьд цанаар гулгах нь марафон гүйлттэй адил юм. Нэг, хоёр жил, нэг хоёр олимпд оролцоод зорилгодоо хүрч чадахгүй гэдгээ би мэдэж байгаа. Тиймээс дараагийн тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй. Мөн дараагийн олимпд илүү сайн амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Миний цанын ур чадвар мөн тийм ч сайн биш, бусад орны тамирчид бүгд чадварлаг, тэдэнд бэлтгэл сургуулилт хийх боломж их байдаг. Тиймээс улам олон олимпд оролцож, цанын ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байна. Цанаар гулгах туршлагаа манай улсын өсөж торниж буй хүүхдүүдэд өвлүүлэх хүсэлтэй. Тэд надаас илүү хийж чадна гэдгийг өөрт нь мэдрүүлэхийг хүсэж байна."

Карим Хятад улсад цанын тэмцээнд оролцож байгаагүй боловч олон улсын тэмцээний үеэр Хятадын цанын шигшээ багийн найзтай танилцсан тухайгаа ярилаа.

"Надад Хятадын уулын цаначин найз бий, бид БНСУ, Итали зэрэг олон газар уулзаж байсан, түүнтэй хамт олон тэмцээнд оролцож байлаа. Хятад бол Пакистанд ээлтэй улс, би Хятадад очиж, тэндэх цасан талбай, нөхцөл байдал, тамирчид нь ямар байгааг харахыг хүсэж байдаг.  Бүх юм нь сонирхолтой сайхан байх гэж бодохоос сэтгэл догдолж байна."

Бээжингийн өвлийн олимпд Карим гурван жил бэлтгэл хийж, аль болох олон тэмцээнд оролцохоор байгаа юм. Тэрээр Бээжингийн өвлийн олимпийн наадамд слалом, гигант слаломын төрөлд оролцох бөгөөд энэ хоёр төрөлд хамгийн өндөр амжилт гаргахыг хүсэн хүлээж байна гэж байлаа.

"Би Италид гурван сар бэлтгэл хийж, мөн Босни дахь Колашин цанын баазад очиж тэмцээнд оролцсон. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд би 20 гаруй тэмцээнд оролцож, зун болгон маш шаргуу бэлтгэл хийсэн. Цанаар гулгахдаа өрсөлдөх чадвартай боллоо гэж өөрийгөө боддог. Би өөрийнхөө шинэ дээд амжилтыг тогтоож, сүүлийн олимпд оролцсоноосоо илүү сайжрахыг хүсч байна."