Сүүлийн өдрүүдэд, Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арлын Хонгахаапай арлын далай доорх галт уул олон дахин хүчтэй дэлбэрч, цунами үүсгэсэн бөгөөд тухайн орон нутаг болон ойр орчмын бүсэд ноцтой аюул учруулсан байна. Галт уулын дэлбэрэлт нь дэлхийн уур амьсгалд ямар нөлөө үзүүлэх бол? Тэрчлэн дэлхийн улс орнуудад ямар нөлөө үзүүлэх бол? Үүнтэй холбогдуулан Хятадын төв радио телевизийн сэтгүүлч Вэй Юй 21-нд Галт уулын болон дөрөвдөгч үеийн галт уулын геологич, Хятадын ШУА-ийн академич, Хятадын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн судлаач Лю Жячи-гээс тусгай ярилцлага авсан байна. Одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Галт уулын дэлбэрэлтээс болж Тонга хүний болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амссанаас гадна байгаль орчин нь ч хүндээр сүйтгэгдэж, 1-р сарын 16-аас 2-р сарын 13 хүртэл үндэсний хэмжээнд онц байдал зарласан байна. Хятадын далайн хиймэл дагуулаас авсан галт уулын үүлний зайнаас тандан судлах зургуудаас үзэхэд галт уулын үүлний талбай 500 мянган хавтгай дөрвөлжин километрт хүрсэн байна.
Тонга галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн галт уулын үнс, магма нь далайн экологийн орчныг бохирдуулах бөгөөд мөн хүчиллэг бороо оруулж, агаарын хөдөлгөөнд аюул учруулахаас гадна дэлхийн уур амьсгалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм. Галт уулын геологи ба дөрөвдөгч үеийн геологич, Хятадын ШУА-ийн академич, Хятадын ШУА-ийн Геологи, геофизикийн хүрээлэнгийн судлаач Лю Жячи сурвалжилга өгөхдөө, галт уулын дэлбэрэлт нь уур амьсгалын өөрчлөлтөд хоёр талын нөлөө учруулах болзошгүй. үүнд нэг нь, зарим бүс нутагт агаарын дулаан буурах буюу бороо ихтэй болно. Хоёрт, хүлэмжийн хийн хэмжээ ихсэхийн улмаас зарим орон нутгийн дулаарлаас үүдэлтэй "хүлэмжийн нөлөө" гарах болно.
Тонга галт уулын дэлбэрэлтийн уур амьсгалд үзүүлэх нөлөө нь голчлон "шүхрийн эффект" давамгайлах магадлалтай гэж академич Лю Жячи хэллээ.
Галт уулын дэлбэрэлтийн явцад их хэмжээний галт уулын үнс, галт уулын хий ялгарч, өндөрт аэрозолийн давхарга үүсэн агаарт шүхэр тавьсан мэт "шүхрийн эффект" үүсгэн нарны гэрлийг дэлхийн бөмбөрөгчийн гадаргад шууд тусахыг халхалдаг учраас дулааны хэмжээ харьцангуй буурч бороотой бүрхэг өдрүүд нэмэгдэх болно. Тонгагийн хувьд "шүхрийн нөлөө" нь зарим бүс нутгийн дулааны хэмжээ, хур тунадасыг бууруулахад нөлөөлдөг болохоор зөвхөн бүс нутгийн шинж чанартай байдаг.
Академич Лю Жячи хэлэхдээ, галт уулын дэлбэрэлт нь дэлхийн цаг уурын дулааралтыг удаашруулна гэдэг нь оновчтой биш, "шүхрийн эффект" үүсгэх нь зөвхөн зарим бүс нутгийн агаарын дулааныг тодорхой цаг хугацаанд бууруулах боловч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд шийдвэрлэх чанартай нөлөө үзүүлж чадахгүй юм. Мөн Тонгагийн галт уулын дэлбэрэлтийн байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дахин үнэлгээ хийх шаардлагатай байгаа юм.
1880 оноос хойш дэлхийн хүрээнд VEI-6 түвшинд олон удааны томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлт болсныг АНУ-ын НАСА-гийн бүртгэлүүд тэмдэглэсэн байна. Томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлт нь дэлхийн дулааныг бууруулдаг боловч урт хугацаанаас авч үзэхэд галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн температурын хэлбэлзэл нь бусад үеийнхээс тийм ч их ялгаатай биш.
Тонга далайн доорх галт уулын дэлбэрэлт мөн Номхон далайн хүрээнд далай дамнасан цунами үүсгэнэ. Хяналтын үр дүнгээс үзэхэд, Тонга дахь далай доорх галт уул дэлбэрсний дараа Вануату болон Шинэ Зеландын хойд арлын эрэг дагуу бараг 1.5 метрийн цунами үүсгэх болно. Үүнээс гадна АНУ-ын Хавайн арлууд болон Японы Кюсю арлын эрэг орчмууд ч мөн адил ойролцоогоор 1 метрийн хүчтэй цунамигийн давалгааг шинжин мэдсэн байна. Тэгвэл “Галт уулын үнс, цунами Хятад улсад нөлөөлөх үү” гэсэн сэдэв цахим ертөнцөд ч шуугиан болжээ. Үүнтэй холбогдуулан академич Лю Жячи хэлэхдээ, цунамигийн давалгаа хурдан тархаж байгаа ч Филиппин, Тайванийн бүс нутгаас Япон арал хүртэл нуман хэлбэрт холбоос бүрэлдэх учраас цунамигаас хамгаалсан байна. Иймээс Хятадад үзүүлэх нөлөө нь маш бага гэлээ.
"Цунами Тонгагаас Хятадын далайн эрэг орчмын нутгийг чиглэн, урт удаан хугацаагаар аялсны эцэст хүч нь ихээр буурах болно. Үүнээс гадна Хятадын эх газрыг тойрон гадар хөвөөгөөр Филиппин, Япон зэрэг арлын нуман холбоос байдаг учраас цунамигаас сэргийлэх, хамгаалах болно. Ер нь Тонга галт уулын дэлбэрэлт эсвэл цунами ч гэсэн Хятадад огтхон ч нөлөө үзүүлэхгүй юм".
14, 15-нд дэлбэрэлт үүссэний дараа Тонга галт уул одоогоор түр зуурын зогсонги байдалд орсон боловч түүний дэлбэрэлт бүрэн дууссан гэсэн үг биш гэж академич Лю Жячи хэллээ.
"Харьцангуй нам байдал нь зөвхөн дэлхийн гадаргуу дээр байдаг. Уг бүс нутгийн далайн ус дор хаяж дөрөв, таван мянган метрийн гүнтэй. Дөрөв таван километрийн гүнд томоохон хэмжээний галт уулын дэлбэрэлтээс гадна тэнд Мөн зарим жижиг хэмжээний дэлбэрэлтүүд гардаг. Энэ нь дэлхийн гадаргуу дээр харагдахгүй боловч дэлбэрэлт байхгүй гэсэн үг биш юм. Түүнчлэн галт уулын дэлбэрэлт нь тасралтгүй ба завсарлагатай байдаг бөгөөд тасралтгүй гэдэг нь тодорхой хугацаанд үргэлжлэх, завсарлагатай гэдэг нь галт уулын дэлбэрэлт заримдаа том хэмжээтэй, заримдаа бага, заримдаа хөдөлгөөнгүй байж, нэг хэсэг хугацаанд хуримтлагдахыг хэлдэг."
Академич Лю Жячи хэлэхдээ, одоогийн байдлаар дэлхий геологийн бүтцийн харьцангуй идэвхтэй үе шатандаа байна. Өнгөрсөн зууны сүүлчээс 21-р зууны эхэн үе хүртэл галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтийн давтамж, эрч хүч эрс нэмэгдсээр байна. Галт уулын дэлбэрэлтийг онолын хувьд урьдчилан таамаглах боломжтой, ялангуяа хуурай газрын галт уул дэлбэрэлтийн талаар харьцангуй амжилттай таамаглал гаргасан юм. Харин далайн доорх галт уулын дэлбэрэлтийн талаарх таамаглалд дэлхийн хүрээнд техникийн олон бэрхшээл байгаа билээ.