2-р сарын 4-ний орой Бээжингийн өвлийн олимпын нээлтийн арга хэмжээний үеэр болсон галт бамбарыг асаах ёслол дэлхий нийтэд ихээхэн гайхамшгийг төрүүллээ. Жан И Мөү-гээр ахлуулсан ерөнхий найруулгын ажлын хэсэг “асаахгүй”-гээр “асаах”-ыг орлуулж, “өчүүхэн гал”-аар дүрэлзсэн асар том галыг оруулсан нь нүүрстөрөгч хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олимпыг зохион байгуулах үзэл ойлголтыг дамжуулж, түүнчлэн олимпын түүхэнд галт бамбарыг цоо шинэ арга хэлбэрээр асаасан үйл явдал боллоо.
Ерөнхий найруулагч Жан И Мөү хэлэхдээ: Бээжингийн өвлийн олимпын гал хоёр зүйлийн өвөрмөц талтай, тухайлбал нэгд, дэлхий нийтээс олимпын тэмцээнд оролцсон төлөөлөгчдийн багийн нэрээр цасан цэгийг бүрдүүлсэн, хоёрт, хамгийн сүүлчийн гал бамбар бол гол бамбар болсон нь зуун жилийн олимпын түүхэнд ерөөс байгаагүй “өчүүхэн гал” болсон юм. Гал бамбар бол “дэлхий нийтийнх”, гал бамбарыг асаасан хэлбэр бол “нүүрстөрөгч багатай, байгаль орчинд халгүй”, уламжилсан үзэл ойлголт маш тодорхой учраас олимпын түүхэн дэх сонгодог торгон агшин болж чадах нь лавтай юм гэсэн байна.
Гал бамбарыг асаасан ийнхүү арга хэлбэрийг ерөнхий найруулагч Жан И Мөү “багаас ихийг харахуй”-гаар зүйрлэсэн байна. “Хятад хүмүүс утга санааг машид дээдэлдэг, өөрөөр хэлбэл маш өчүүхэн, маш нарийн ширийн өнцгөөс дэлхий дахиныг харахуйг хэлж буй юм, энэ бол маш сайхан зүйл гэж би боддог. Нэгэн навчнаас намарыг олж харж болдог, нэгэн ширхэг навч хүмүүст бүхий л намарын улиралын үзэсгэлэн, алтан шаргал өнгө, гоо сайхан, яруу найраг мэтийн сэтгэгдлийг өгч чаддаг билээ. Энэ удаад гол бамбарыг асаасан ийм арга хэлбэрийг ‘Ширхэг навчнаас намарыг олж харахуй’-тай адилтгаж болох юм, нэгэн өчүүхэн гал бамбар, нэгэн өчүүхэн гал дөл боловч та үүнээс аугаа их олимпын үзэл санаа, нийт хүн төрөлхтний асан дүрэлзсэн эрч тэмүүлэл, романтик байдлыг мэдэрч болох юм” гэжээ.
\Уртнасан.\