Америк иргэн Мириамын хувьд санамсаргүй тохиолдлоор Хятад улсын соёлтой танилцаж, суралцаж эхэлсэн байв, энэ нь мөн түүнд гайхалтай хувь барилдлагын замыг нээж өгсөн байна. Өдгөө Хятад улсад ирж англи хэл зааж байгаа Мириам Америк Хятад хоёр орны залуучууд хоорондын ойлголцлоо нэмэгдүүлэхэд гүүр холбоос нь болсон байна. Ингээд бид ХТРТ-ийн сурвалжлагч Ли Линий Мириамын тухай бэлтгэсэн сурвалжилгат мэдээллийг хүргэе.
Мириам удаа болгоны хичээлээ ингэж эхлүүлдэг юм. Баримжаа америк маягийн англи хэлээр хичээллэдэг. Долоо хоног тутмын мягмар, пүрэв гаригт тэрбээр хичээлийн индэр дээрээс сурагчидтайгаа инээмсэглэн золгодог аж.
“Намайг Мириам гэдэг, би Америкаас ирсэн. Өдгөө Хятадын Ардын их сургуульд бакалаврын оюутнуудад англи хэл зааж байна. Өмнө нь би хятад хэлний мэргэжлийн чиглэлээр сурч, Америк дахь хүүхэд багачуудад хятад хэл зааж байсан, хожим нь Хятад улсад ирж, Хятад хүмүүст англи хэл заадаг болсон юм.”
Мириам бол 90-ээд онд төрсөн залуучуудын нэг юм. Америкт ахлах зэргийн дунд сургуульд сурч байхаасаа л хятад хэл сурахтай хувь барилдлагатай болжээ. Мириамын төрсөн нутаг нь Индиана муж улсын Вест Лафайетт хот бөгөөд түүний гэрийн ойролцоо Америкийн дээд боловсролын алдартай сургууль болох Пурдюгийн их сургууль байдаг аж. Тэнд цөөн бус Хятад улсын оюутнууд сурдаг байв. Нэг удаа санамсаргүйгээр Хятад улсаас ирсэн нэгэн оюутантай танилцжээ. Тэр цагаас эхлээд Мириам Хятад улсад ирж сурах хүсэл мөрөөдөлтэй болжээ.
“Би тэр оюутнаар дамжин Хятад улсын соёл түүх, домог үлгэр, ханьз үсгийн талаар ойлгож эхэлсэн. Бид үсэн бийр болон төрөл бүрийн өнгөт бэхээр ханьз бичдэг байлаа. Бид бас зарим домог үлгэрийг орчуулаад америк найзууддаа танилцуулдаг байсан юм. Хэрэв чи үнэхээр хятад хэл суряа гэж бодож байвал Хятад улсад очиж сурвал илүү сайн хэмээн тэр надад зөвлөгөө өгдөг байсан.”
Энэ найзынхаа дэмжлэгтэйгээр 2013 онд Мириам азтайгаар сурлагын тэтгэлэгт хамрагдаж, Бээжингийн хэлний их сургуулийн оюутан болсон байна. Хятад улсад байсан дөрвөн жилийн хугацаандаа Мириам эрдэм мэдлэг эзэмшиж чадсаны зэрэгцээ Хятад улсын олон газруудаар аялан танилцаж, энд хайр сэтгэлтэйгээ ч учирсан байна.
“Маш их ололттой байлаа. Хичээл сурлагаас гадна би маш олон газруудаар аялан жуулчилж, тухайн нутгийн хүмүүстэй ярилцаж явахдаа хятад хэл минь маш түргэн дээшилж байгааг мэдэрсэн, дараа нь би Хятад улсын олон орон нутгуудын соёл, олон газрын хүмүүсийн зан байдал, бас амтад зууш ундааны соёлтой бүр илүү гүнзгий танилцсан юм. Энэ дөрвөн жилийн хугацаанд би насны ханьтайгаа танилцсан, тэр бол Хятад улсын иргэн юм. Миний очсон газруудын талаар хань маань надад тун хялбарханаар танилцуулж ойлгуулдаг, хэрэв энд би ганцаараа байсан бол олон зүйлийг тийм сайн ойлгож танилцаж чадахгүй байсан байх.”
Хятад улс дахь дөрвөн жилийн сурлагаа дүүргээд Мириам Америктаа харьж, Индиана их сургуульд үргэлжлэн хятад хэлний чиглэлээр сурчээ. Тэр үед Мириам Хятад улсад байхдаа сурч эзэмшсэн мэдлэгээ нэн олон америк хүмүүстэй хуваалцах нь зүйтэй хэмээн боддог байв. Магистриа дүүргэсний дараа Мириам тухайн нутгийн дунд сургуулийн хүүхдүүдэд хятад хэл заах багшаар ажиллажээ. Америк хүүхдүүдийн хятад хэл сурах урам зориг түүнд улам илүү хичээн ажиллах эрч хүчнийг өгчээ.
“Хятад улс маш түргэн хөгжиж байна, нэлээд олон сурагчид хожим ирээдүйд Хятад улсад очиж бизнес эрхлэх, эсвэл Хятад улсад очиж орчуулгын ажил хийхийг бодож байгаа, иймээс хятад хэлийг сайн сурч чадвал ирээдүйд нэлээд сайн амжилтад хүрч болох боломжтой юм.”
2020 онд Хятадын Ардын их сургуулииас онлайнаар нийтэлсэн ажилтан элсүүлэх зар мэдээлэл Мириамд Хятад улсад дахинтаа ирэх боломжийг олгожээ. Тэрбээр өөрийн танилцуулга намтраа туршин илгээсний дараа төдийлөн удсангүй багшаар элсүүлсэн байна.
“Би өөрийгөө Хятад улсын соёлын талаар нэлээд сайн ойлголттой гэж боддог, хятад хэлтэй, хятад сурагчидтай маш сайн ярилцаж, харилцаж чаддаг тул маш томоохон гүүр холбоосны үүрэг гүйцэтгэж болох юм гэж өөрийгөө боддог юм.”
Сургуульд Мириам англи хэлний хичээл заадаг бөгөөд англи хэлээр сурагчдад Хятадын уламжлалт соёлын талаар ч ярьж өгдөг. Судалгаа, эрдэм шинжилгээ хийх дуртай Мириам сурагчдад байнга маш өвөрмөц мэдлэг, өвөрмөц зүйлийг ярьж өгдөг байна. Оюутад ч энэ гадаад багшийн хичээлийн заан сургалтын арга хэлбэрийг үнэлэн сайшаадаг. Их сургуулийн хоёрдугаар ангийн оюутан Ди Шинь И багшийнхаа талаар ийн ярьсан юм.
“Багш хичээлээ маш амьдлагаар заадаг. Нэг цагийн хичээл маш түргэхэн өнгөрсөн мэт санагддаг, хичээлийн ийм сул чөлөөтэй уур амьсгал надад маш таалагддаг, түүнчлэн маш олон мэдлэгийг сурч болдог. Багш хэдийгээр нэгэн гадаадын хүн боловч Хятад улсын соёлын талаар маш олон зүйлийг сайн мэддэг нь бидэнд анзаарагдсан, түүнчлэн Мириам багш өөр өөр соёл иргэншилд маш багтаамжтай байр сууриар ханддаг.”
Хятад хүмүүсийн талаар сайн мэддэг тул Мириам оюутнуудтай маш сайн харилцаж чаддаг, сурагчид ч хичээлээс бусад цагаар Мириамд анд найзууд мэтээр хандаж, түүнтэй Америк кино жүжиг, Америкийн поп дуу хөгжмийн талаар ярилцах дуртай байдаг. Америк, Хятад хоёр орны залуучууд бүгд харилцан бие биенийхээ соёл иргэншлийн талаар ойлгож мэдэхийг хүсэж байдаг бөгөөд өөрөө энэ тал дээр илүү сайн үүрэг гүйцэтгэх нь зүйтэй гэж боддог тухайгаа Мириам хэлж байлаа.
“Би заримдаа зарим материалыг хайж олж орчуулдаг, өмнө нь би зарим Хятад киноны үгийг орчуулж байсан. Киноны хадсан үсгийг орчуулаад англи болгосон болохоор америк үзэгчид үзээд ойлгоход нь дөхөм болгосон, энэ нь Хятад улсын соёлын талаар хуваалцахын нэгэн хэлбэр юм, иймэрхүү орчуулга бол хоёр орны хүмүүс харилцан бие биенээ илүү гүнзгий ойлгоход тустай гэж би боддог.”
Өдгөө Мириам Хятад улсад ажиллаж амьдарч, Бээжинд бусад хятад хүмүүсийн адилаар амьдарч, энэ хотын хөгжил дэвшлийг мэдэрч явна. Одоогийн ажил амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа Мириам ярьсан байна.
“Энд байдаг маш олон гадаадын хүмүүс таксинд суух дуртайг би харсан, гэтэл би харин автобусанд, метронд суудаг. Магадгүй энэ нь хамгийн хялбар, хамгийн дөхөм зам харилцааны зорчих хэлбэр биш байж мэднэ, гэхдээ би усыг нь уувал ёсыг нь дагана гэж боддог, хүмүүс яаж амьдарч байгаа бол би тэгж л амьдарна, ингэвэл үнэндээ тухайн нутгийн хүмүүсийн аж амьдралын талаар илүү сайн ойлголттой болох юм.”
\Уртнасан.\