Франц иргэн
Ань Нао Нао бол мэргэжлийн тогооч юм,
тэрээр Хятадын хоолны соёлд дуртай
бөгөөд Франц Хятадын онцлогийг нэгтгэсэн
хоолны судалгаанд бүр илүү сонирхолтой.
Хятадад амьдарсан арваад жилд түүний
хүсэл мөрөөдөл нь эндээс эхэлсэн юм.
Ань Нао Наогийн төрсөн нутаг Францын өмнөд хэсэгт орших Прованс хотын ойролцоох Октан мужид байдаг бөгөөд энд дарс, бяслаг, хиам, зөгийн бал, хясаа маш элбэгтэй. Тэрээр таван настайгаасаа ээждээ гал тогооны ажилд тусалж явсаар байгаад хоол хийх ур чадвар эзэмшсэн бөгөөд том болохын хэрээр хоолны соёлд бүр илүү дур сонирхолтой болжээ.
"Би багаасаа эх байгальд дуртай, тэгээд хоол хийх их сонирхолтой байсан. Ялангуяа дэлхийн олон газруудаар явж, олныг үзэж, ихийг сурахыг хүсдэг байсан."
Хоол ундны соёлоос гадна Ань Нао Нао бас Хятадын У Шү гимнастикт дур сонирхолтой, Күнфүгийн кино үзэх дуртай. Гэхдээ түүнийг Хятад улстай жинхэнэ хувь барилдлагатай болгосон нь нэгэн Бээжин охин, түүний одоогийн гэргий нь юм. Энэхүү романтик учрал нь Ань Нао Наог алс холын Бээжин рүү очих шийдэмгий зоригийг олгосон байв.
Франц, Хятадын соёлын уялдаа холбоо нь энэхүү хил дамнасан гэрлэлтийн гэнэтийн бэлэг, баяр хөөрийг авчирсан билээ. Нао Наогийн хувьд Франц талх нь өдөр бүр ширээн дээр байх зайлшгүй хоол, дээр нь аяга кофе байх нь нэг өдрийн сайхан амьдрал гэж үздэг байсан бол багаасаа Бээжинд өссөн гэргий нь ёстой л "Бээжингийн хотоод" байж, өглөө бүр дүфү, тосонд буцалгасан боорцог иддэг. Гэвч иймэрхүү хоолны соёлын ялгаа нь Нао Наогийн урмыг хугалсангүй, харин Хятад, Францын хоолны төгс зохицлыг судлах сонирхлыг улам их төрүүлжээ.
"Хоёр оронд ижил төстэй, бас ялгаатай талууд бий ч харин бие биенээсээ суралцаж, туршлагаасаа хуваалцан, харилцан нөхөх боломжтой зүйлүүд их байгаа гэж би хувьдаа боддог. Тиймээс би аль болохоор хоёр орны онцлогийг нэгтгэсэн хоол унд хийхийг судалж явдаг.”
Хоол унд хийхээс гадна Ань Нао Наод хийх ажил ихтэй байлаа. Хятадад ирснийхээ дараа тэрээр хоол ундны тухай блог нээгээд зогсохгүй төрөл бүрийн шоу нэвтрүүлгүүдийн байнгын зочин болжээ. “Хятадад олон фенүүдтэй болсноор сэтгэлийн дараас минь ч улам бүр нэмэгдлээ. "Хятадууд барууны хоол ундыг илүү сонирхох болсноос надад маш их боломж байгаа ч сүүлийн үед улам олон хүмүүс хоолны тухай блог хийх болж агуулга нь улам баялаг болж чадсан нь надад харин асар их сорилт болж байна" гэж Ань Нао Нао хэллээ.
"Бүрэн ойлголттой болох нь маш чухал. Би Хятадад олон газруудаар явж үзсэн, шоу бичлэг хийх эсвэл хаа газар аялсан ч Хятадуудын барууны хоолны талаарх ойлголтыг азнаж явлаа. Надад хийх ажил зөндөө байна, Хятадын хэмжээнд барууны хоол ундыг сайтар сурталчилж, дараа нь Хятад, Францын онцлогийг нэгтгэсэн хоол унд хийхийг бодож байна.”
Нао Нао Хятадад ирээд энэ жил арав дахь жил болж байгаа бөгөөд Хятадаас тэрээр насны ханиа олж, хөөрхөн хоёр хүүхэдтэй болжээ.
Одоо ажил үйлс, гэр оронтой, амар амгалан амьдарч яваа Ань Нао Наогийн хувьд Хятад улс нь түүний хоёр дахь эх орон болжээ. Хүргэн хүний хувьд хятадуудын ажилсаг хөдөлмөрч, хичээл зүтгэл нь түүнийг улам урагш зүтгэхэд нь тус болсон төдийгүй сүүлийн 10 жилийн турших Хятадын өөрчлөлт, хөгжил нь түүнд улам их эрч зориг хайрласнаар, тэрээр өөрийн хүчин чармайлтаар Хятад хүмүүст аз жаргалтай, эрүүл энх, таатай орчинд амьдрах арга хэлбэрийг бий болгож чадна гэж найдаж байна. \Ренчинсоо\