“Хос олимп”-той хот дэлхийн тогтвортой хөгжилд улам их үүрэг гүйцэтгэсээр байх болно
2022-03-16 17:09:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрөгч гуравдугаар сарын дөрвөнд Бээжингийн өвлийн паралимп-2022 болон 13-р удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны тавдугаар чуулган нэг өдөрт зэрэг нээгдсэн бол энэхүү чуулганд оролцсон гишүүд хэлэхдээ, дэлхийн хамгийн анхны “хос олимп”-той хот болсон Бээжин хотод олимпын хөдөлгөөн маш чухал өв өмч бий болгож, дэлхийн тогтвортой хөгжил, тэр дундаа ногоон хөгжилд Хятад улс улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад чухал нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэжээ. Энэ тухай одоо та бүхэн Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Ян Миний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

2008-2022 онуудад дэлхий нийтээрээ ирээдүйд чиглэсэн Хятад улсын хөгжлийг анзаарч мэдэрсэн гэж хэлж болно. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын талбай заалууд хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Тэгвэл эдгээр талбай заалыг олимпын дараа ямар зориулалтаар хэрхэн ашиглах, хэрхэн түүний үнэ цэнийг үргэлжлэн хамгийн ихээр бадруулах гэдэг нь Хятад улсын засаг төрийн анх эхнээс бодож төлөвлөсөн зүйл байлаа. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны Төлөвлөлт, бүтээн байгуулалтын газрын орлогч дарга Шэнь Жинь хэлэхдээ, олимпын уралдаан тэмцээний стандарт хангасан талбай заал, дэд бүтцийг байгуулахад уралдаан тэмцээний дараах ашиглалтыг бүрэн бодолцсон байх хэрэгтэй. Энэ нь манай газрын ажлын нэг гол чухал агуулга байлаа гэв. 

Тэрээр: “Энэ удаагийн олимп бол Олон улсын олимпын хорооноос 2020 оны хөтөлбөрийг боловсруулсны дараа түүнийг нь бүх талаар барьж хэрэгжүүлсэн анхны олимп бөгөөд тогтвортой хөгжил бол энэ бүхэнд тусгагдсан хамгийн чухал үзэл баримтлал, үүрэг байлаа. Энэ удаагийн олимпоор ашигласан таван том ордон талбай нь бүгд л 2008 оны зуны олимпын ордон талбай бөгөөд бүх талбай заалын бүтээн байгуулалтыг эхэлж төлөвлөхдөө бүгд уралдаан тэмцээн, олимпын дараа юунд хэрхэн ашиглахыг бодолхийлж төлөвлөсөн юм.”

Бээжингийн өвлийн олимп нь дэлхий дахинд мартагдашгүй сайхан дуртгал үлдээсэн төдийгүй, Хятад улсын мөс цасны спортыг цоо шинэ хөгжлийн үе шатанд оруулсан юм. Олимпын дараах мөс цасны спорт болон холбогдох ажил төрлийн салбарын хөгжлийг хэрхэн баталгаажуулах, “Эрүүл Хятад орон” стратегийг хэрхэн гүнзгийрүүлэх, чансаатай хөгжлийг хэрхэн ахиулах зэрэг асуудлаар олимпын зохион байгуулах ажилд гар бие оролцсон УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн Олон улсын хот суурины хөгжил судлалын хүрээлэнгийн захирал Лянь Юймин хэлэхдээ: “Мөс цасны спорт, хэрэглээ, брэндийг Бээжингийн олон улсын хэрэглээний хот суурины бүтээн байгуулалтад хамруулж, мөс цасны спортын талбай заалны бүтээн байгуулалтаар иргэд олны өвлийн спортын дур сонирхлыг  нэмэгдүүлэх ёстой. Бээжин, Тяньжинь, Хэбэй өвлийн олимпоос үлдээж өгсөн боломжуудыг сайтар ашиглан, захиргаа болон зах зээлийн хүчийг сайтар бадруулж, нэлээд том цар хүрээ бүхий мөс цасны спорттой холбоотой ажил төрлийн салбарын төвлөрсөн бүсийг байгуулж, олон улсад нэр нөлөө бүхий нэрт брэндийг бэлтгэж, дэлхийн тэргүүний түвшин, технологи бүхий спортын уралдаан тэмцээнийг Бээжинд  нутагшуулах ёстой хэмээн хувьдаа бодож байна.”