24-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ, ДОХ-оос сэргийлэх элч Пэн Лиюань тус байгууллагын 2022 оны дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөрт зориулсан видео хуралд уригдан оролцож үг хэлэв.
Пэн Лиюань: Сүүлийн жилүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын идэвхтэй сурталчилгаа, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар дэлхийн сүрьеэтэй тэмцэх ажил илэрхий үр дүнд хүрсэн байна. Хятадын засгийн газар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ихээхэн ач холбогдол өгч, энэ ажлыг "Эрүүл Хятад улс" стратегид хамруулж, тусгай сан байгуулан, өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, эм бэлдмэлээр хангах үйлчилгээ үзүүлж, 90%-ээс дээш өвчтөн бүрэн эдгэрсэн байна. Ковид-19 дэгдэлт гарснаас хойш Хятадын засгийн газар болон нийгмийн бүх салбар сүрьеэтэй өвчтөнүүдийг асран халамжилж, тахал өвчний улмаас эмчилгээг тасалдуулахгүй байх талаар идэвхтэй арга хэмжээ авч байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар олон амжилтад хүрсэн хэдий ч энэ өвчин нь дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал хэвээр байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил бүр ч хүндрэлд тулгараад байна. Шинэ сорилтуудын өмнө бид өөртөө итгэлтэй, тэвчээртэй байх ёстой. Би чадах бүхнээ хийж цаашид хичээн ажиллана. Сүрьеэтэй тэмцэх туршлагаасаа хуваалцаж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийг улс орнуудад хүсэж байна. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн зорилтуудыг биелүүлэхэд гар бие оролцож, идэвхтэй ажиллацгаая гэсэн байна.