Хятад Оросын ГХЯ-ны сайд нар уулзав
2022-03-30 20:24:58
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 30-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Аньхүй мужийн Түньши хотод Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын 3-р уулзалтад оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ, Хятад Оросын харилцаа ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдлын шинэ сорилтыг даван туулж, зөв замаар урагшлан, тогтвортой хөгжлийн эрч хүчээ харууллаа. Хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл улам бүр бат болж байгаа бөгөөд олон салбарын хамтын ажиллагааг ахиулах итгэл найдвар нэмэгдсээр байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, шинэ эринд Хятад Оросын харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийн төлөө Хятад улс Оростой хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Лавров хэлэхдээ, олон улсын нөхцөл байдлын эгзэгтэй энэ үед Орос, Хятадын төрийн тэргүүн нар стратегийн харилцаа холбоотой байж, Орос Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэх, дэлхийн олон туйлт харилцааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Оросын тал Хятадын талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний стратегийн зохицуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ олон улсын болон олон талт талбарт олон туйлшралын үйл явцыг идэвхтэй ахиулж, ноёрхогч үзэл, хүчирхэг улс төрийн бодлогыг эсэргүүцэн, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтална гэжээ.

Лавров Орос, Украины хэлэлцээний талаар товч танилцуулж, Орос улс хурцадмал байдлыг намжаахын төлөө Украинтай энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоогоотой байх болно гэжээ.

Ван И хэлэхдээ, Хятад улс олон улсын харилцааг олон туйлтай, ардчилалтай болгохыг дэмжсээр ирсэн бөгөөд НҮБ-ын дүрмийн зорилго, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын үйл хэрэгт бодитой, шударга  байж, ямагт түүхийн зөв талд байхыг дэмжсээр ирсэн юм гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Украины асуудал нь ээдрээтэй түүх, гарал үүсэлтэй бөгөөд Европт удаан хугацаанд хуримтлагдсан аюулгүй байдлын зөрчилдөөний илрэл тусгал, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэглэлийн сөргөлдөөний үр дүн юм. Өнөөгийн нөхцөл байдалд бид Орос, Украин хүндрэлтэй байсан ч энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжиж, хэлэлцээний өнөөг хүртэлх эерэг үр дүнг дэмжиж, бүс нутгийн нөхцөл байдлыг аль болох хурдан намжаахыг дэмжинэ. Мөн өргөн цар хүрээ бүхий хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэхийн төлөө Орос болон бусад талуудын хичээн чармайж буйг дэмжинэ. Урт хугацаанд бид Украины хямралаас сургамж авч, харилцан хүндэтгэх, аюулгүй байдлын хуваагдашгүй зарчимд тулгуурлан талуудын хууль ёсны аюулгүй байдлын асуудалд хариу өгч, яриа хэлцлээр дамжуулан тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын бүтцийг бий болгож, Европыг урт удаан хугацаанд тогтвортой байлгах ёстой гэжээ.

Хоёр тал мөн Ази Номхон далайн бүс нутаг, Солонгосын хойгийн байдал, БРИКС-ийн механизм, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа нэгтгэв.