Хэдэн сарын өмнө Төвөдийн өөртөө засах орны Шагаз хотын Жяцүө тосгоны иргэн Дүөжи гэнэт гэдэс нь хатгаж өвдсөнөөр хүүтэйгээ Лхас хотын ардын эмнэлэгт хүрч эмчлүүлсэнд цөсний чулуу байгааг мэдээд яаралтай хагалгаа хийлгэжээ.
"Даруйхан ирж эмчлүүлсэндээ боллоо. Үгүй бол өмнөх шигээ тэсээд л байвал хэр удаан өвдөхийг мэдэхгүй ээ" гэж энэ жил 72 настай Дүөжи настан олзуурхан ярьж байдаа. Тэрээр одоо эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд чөлөөтэй явж суух болжээ.
Өнөөдөр Төвөдийн олонх ард иргэд эрүүл мэндийн асуудалд тулгарвал Дүөжи настан шиг орчин үеийн эмнэлэгт хандах болжээ. Гэвч өнгөрсний Төвдөд өвдөөд эмнэлэгт хандана гэж ёстой бэрх явдал байсан юм.
1951 онд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө бүх Төвөдөд зөвхөн гуравхан эмнэлгийн байгууллага, цөөн тооны хувийн эмнэлэг байсан ч тоног төхөөрөмж муутай, цар хүрээ багатай байжээ. Нийт хүн амын 95 хувийг эзэлдэг хамжлагын тариачид өвчин хуучин тусах юм бол бурхан тэнгэртээ даатгаж суухаас өөр арга алга. Ялангуяа буйд бөглүү хөдөө орон нутагт, энд тэнд хэдхэн Төвөд эмч байдаг ч 300 хүрэхгүй, тэгээд хязгаартай эм эмнэлгийн нөөц нь зөвхөн баян язгууртанд үйлчилдэг байжээ.
"Өнгөрсөнд өвдөөд эмчлүүлэх ямар ч арга байхгүй тул Төвөдийн иргэд өвчин хуучин тусвал зөвхөн тэсээд л байдгаас удаандаа өвчин нь хүндэрдэг байна. Өнгөрсний Төвөдийн эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ нийтдээ хоцрогдонгуй байсан тул хүмүүст эрүүл мэндийн тухай шинжлэх ухааны ямар ч үзэл ойлголт гэж байдаггүй” гэж Лхас хотын Чюйшүй шяний ардын эмнэлгийн захирал Сүн Жянхуа хэллээ.
Гэвч Төвөд энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс хойш, төр засгийн газрын хөрөнгө оруулалтын хүчтэй дэмжлэгээр, орчин үеийн эм эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд ээлж дараалан байгуулагдаж, улсын хэмжээний олон шилдэг эмнэлгийн ажилтнууд эмчилгээний тусламж үзүүлэхээр Төвдөд хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн Төвөдөд эрүүл мэндийн үйлчилгээний газар, эх, нялхсын эрүүл мэнд, өвчин хижгээс урьдчилан сэргийлж хянах, Төвөд анагаах ухаан зэрэг үйлчилгээний тогтолцоог бий болгосноор Төвөдчүүдийг байн дахин зовоож байдаг хорхой шавжаас үүсэлтэй өвчин, үе мөчний өвчин, төрөлхийн зүрхний гажиг өвчин, нүд цайх зэрэг 400 гаруй төрлийн өвчнийг бүрмөсөн эмчилж, урьдчилан сэргийлж чадсанаар Төвөдөөс гаралгүй өвчнөө эмчлүүлэх боломжтой болжээ. Энэ бүхний ачаар Төвөдийн дундаж наслалт 1951 онд 35,5 хүрдэг байсан бол 2021 он гэхэд 72,19 хүрч, дээд амжилт тогтоожээ.
Өнгөрсөнд эм эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага байхгүй байснаасаа өнөөдөр гэхэд орчин үеийн эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог аажмаар бий болгож, боловсронгуй болгох хүртэл, өмнө нь өвчин үзүүлэх эмчгүй байсан Төвөдүүд өнөөдөр гэхэд өөрсдийн өрхийн эмчтэй болжээ. Чюйшүй шяний хөдөө тосгонд, орон нутгийн эрүүл мэндийн төвийн эмч нар тогтсон хугацаатайгаар архаг өвчтэй тосгоны иргэдийг гэрт нь очиж үзлэг хийж, эм тан уух талаар зөвлөгөө өгдөг гэж Сүн Жянхуа хэллээ.
“Иргэд өвчнөө үзүүлэхэд илүү дөхөм болсноор тэдний эрүүл мэндийн тухай үзэл ойлголт ч дээшиллээ. Хотын төвөөс эмнэлгийн ажилтан хөдөө орон нутагт ирж үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг болсноор тосгоны иргэд урт ооцерлож, эмчээс зөвлөгөө авч холбоо барих арга барилаа ч солилцдог. Одоо Төвөдийн ард иргэдийн эрүүл мэндийн талаарх үзэл ойлголт ихээхэн дээшилсэн төдийгүй Төвөдийн эмчилгээний түвшин ч тасралтгүй ахиц дэвшил гаргаж байна. Үүний зэрэгцээ нам, засгийн газрын анхаарал халамжаар Төвөдийн ард түмний эрүүл мэнд улам баталгаажиж байна " гэж Шагаз хотын Чюйшя тосгоны эрүүл мэндийн төвийн эмч Санмүла хэлж байлаа. \Ренчинсоо\