Афганистан болон түүний хөрш орнуудын гадаад харилцааны сайд нар уулзав
2022-04-01 10:51:25
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 31-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Аньхүй мужийн Хуаншань хотноо Афганистаны хөрш орнууд болон Афганистаны түр засгийн газрын гадаад харилцааны сайд нарын анхны уулзалтыг даргалж, Афганистаны хөрш орнуудын зохицуулалт, хамтын ажиллагааны механизмд нэгдсэн улс орнуудын гадаад харилцааны сайд буюу төлөөлөгч, Афганистаны түр засгийн газрын гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Мутаки оролцож, Катарын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад харилцааны сайд Мухаммед бин Абдулрахман II, Индонезийн гадаад харилцааны сайд Ретно Лестари Приансари Марсуди нар тусгай урьсан зочноор уулзалтад байлцсан байна.

Ван И: Афганистаны хөрш орны хувьд бид олон жилийн дайн дажин тус орны ард түмэнд ямар их гашуун зовлон учруулсан гэдгийг харлаа, мөн тогтворгүй үймээнтэй нөхцөл байдал ямар их сөрөг үр нөлөө дагуулдгыг харлаа. Афганистан аль болох эртхэн энх тайван, тогтвортой байдлыг тогтоож, хөгжлөө сэргээхийг манай хөрш орнууд хэнээс илүү хүсэж байна. Хөрш орнуудын гадаад харилцааны сайд нарын хоёр удаагийн уулзалтаар бид хамтын дуу хоолойгоо олон улсын хамтын нийгэмлэгт хүргэж, хөрш орнуудын орлуулж болшгүй өвөрмөц онцгой үүрэг, хүчин чадамжийг харуулж чадсан. Уул усаараа залгалдсан хөрш орон, бүс нутгийн хувьд эрхбиш хамтран ажиллах ёстой, харин сөргөлдөж болохгүй. Бид эрхбиш харилцан нээлттэй байр суурь баримталж, шударга голчоор харьцаж, дээрэнгүй, ноёрхогч үзлийг эсэргүүцэх хэрэгтэй. Түүнчлэн Украины асуудлаас болж Афганистаны асуудлыг нэг талд нь орхихгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт шаардаж, Афганистан дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, тус орны иргэд гачиг зүдүүрээс салахад туслах хэрэгтэй. Бид эрхбиш нэгдмэл цогцын үзэл ойлголтоо дээшлүүлж, хүчээ нэгтгэн, Афганистаны тогтвортой байдлыг бэхжүүлж, терроризмд үр дүнтэй цохилт өгч, иргэдийн амьжиргааг нь сайжруулж, эдийн засгийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Мөн “Афганистанчуудаар гол болгож, Афганистанчууд эзэн мэдэх” зарчмыг тууштай баримтлах хэрэгтэй гэжээ.

Афганистаны түр засгийн газрын гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Мутаки Хятад улс энэхүү уулзалтыг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд, холбогдох талуудын анхаарал хандуулж буй асуудлуудыг Афганистаны тал ч дээд хэмжээнд чухалчилж байна. Афганистаны нутаг дэвсгэрийг гаднын хүчин хүчээр эзлэх, Афганистаны нутаг дэвсгэр дээр бусад орнуудын эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Афганистаны тал хөрш орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсаг харилцаагаа бататгаж, харилцан ашигтайгаар хамтран ажиллахыг хичээж байна. Өдгөө бид бодлого, стратегидаа тохируулга, өөрчлөлт оруулж, хүчээ төвлөрүүлэн улс орноо тогтворжуулж, хөгжлийг сэргээхийг зорьж байна. Түүнчлэн энэ бүхнээр дамжин бүс нутгийн дэд бүтцийн холболтод чухал үүрэг гүйцэтгэж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтдаа хөгжихийг хүсэж байна. Хөрш зэргэлдээ улс орнууд Афганистаны түр засгийн газрын дипломат харилцааг эрхтэн хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна гэжээ.

Уулзалтад оролцсон улс орнуудын гадаад харилцааны сайд нар болон төлөөлөгчид Афганистаны түр засгийн газартай яриа уулзалт хийх боломжийг бүрдүүлсэн Хятадын талд талархал дэвшүүлээд, яриа хэлцэл нь бүс нутгийн улс орнууд, тэр дундаа хөрш орнууд болон Афганистаны түр засгийн газар хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, бодит байдлыг тодорхой ойлгож, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, Афганистанд улам олон бодит тусламж үзүүлэхэд ашигтай хэмээн санал нэгтэй үзсэн байна.

Талууд бас Афганистаны асуудлаар барьж буй өөр өөрсдийн байр суурь, санаачилгаа танилцуулсан бөгөөд багтаамжтай байдлаа нэмэгдүүлж, терроризмтой тууштай тэмцэж, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрх ашгийг цааш нь баталгаажуулахыг Афганистаны түр засгийн газарт хүссэн байна. Үүнд холбогдуулж Амир Хан Мутаки хэлэхдээ, Афганистаны түр засгийн газар сургуулиудыг нэгэнт нээж, хүүхдүүд хичээлдээ эргэн орсон. Мөн эмэгтэй хүүхэд боловсрол хүртэхийг ерөөс хориглоогүй бөгөөд эрүүл мэнд, эмчилгээ зэрэг олон салбарт олон тооны эмэгтэйчүүд оролцож байна. Олон үндэстэн ястан засаг төрд оролцож, улам олон мэргэжлийн хүмүүс захиргааны ажилд оролцохыг Афганистаны түр засгийн газар хүсэж байна гэжээ.

Д.Хүчитбаатар