Хятад Украины гадаад хэргийн сайд нар утсаар ярив
2022-04-05 10:04:59
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 4-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хүсэлтийн дагуу Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярив. Хоёр тал Украины нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Кулеба Орос, Украины байдлыг танилцуулаад, Хятад улс бол энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг санаачлан хэрэгжүүлдэг агуу орон бөгөөд энх тайвныг сахин хамгаалах гол хүчин юм. Украины талаас Хятадын олон улсын нөлөө, нэр хүндийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Хятад улстай харилцаа холбоогоо хадгалахад бэлэн байна, Хятад улс гал зогсоох талаар үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Ван И юуны өмнө Украин дахь Хятадын иргэдийг татан гаргахад тусалсан Украины засгийн газар болон олон салбарынханд талархал илэрхийлж, Хятадын удирдагчид болон Хятадын засгийн газар хилийн чанад дахь иргэн нэг бүрийн аюулгүй байдлыг чухалчлан үзэж байгааг онцлон тэмдэглээд, Украины нутагт сайн дураараа үлдсэн цөөн тооны хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авахыг Украины талд хүсэж байна гэжээ. Үүний тулд Украины тал бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж Кулеба хэлэв.

Ван И хэлэхдээ, Украины асуудлаарх Хятадын үндсэн байр суурь бол энх тайвныг ятгаж, яриа хэлэлцээг ахиулах явдал юм. Ши Жиньпин дарга Хятад улсын байр суурь, дэвшүүлсэн саналыг олон удаа иж бүрнээр нь илэрхийлж байсан нь өнөөгийн сорилтыг даван туулахад бидний баримтлах чухал чиг шугам юм. Украины асуудлаар Хятад улс геополитикийн хувийн ашиг сонирхлыг эрэлхийлдэггүй, нөгөө талаар гал дээр тос нэмэх зүйлийг яасан ч хийхгүй. Бидний чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг ганцхан зорилго бий, тэр нь энх тайван юм. Орос-Украины энхийн хэлэлцээг Хятадын тал сайшааж байна. Хэчнээн хүнд хэцүү, санал зөрөлдөөнтэй байсан ч гал зогсоож, энх тайвныг тогтоох хүртэл энхийн хэлэлцээний ерөнхий чиглэлийг баримтлах ёстой.

Ван И хэлэхдээ, ямар ч дайн зогсох өдөр бий, гол нь сургамжаа дүгнэж, Европын аюулгүй байдлыг тогтвортой байлгах явдал юм. Аюулгүй байдлын хуваагдашгүй зарчимд суурилсан эрх тэгш яриа хэлэлцээгээр Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой механизмыг үнэнхүү байгуулах ёстой гэж Хятадын тал үзэж байна. Хятад улс бодитой, шударга байр сууриа баримталж, өөрийн арга барилаар үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Украины тал ард түмнийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн сонголтуудыг бие дааж хийх мэргэн ухаантай гэдэгт итгэж байна.

Кулеба Хятадын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлж, Хятад улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Урт хугацааны шийдлийг олохын тулд Украин Оростой энхийн хэлэлцээ хийнэ, мөн Европын үүд хаалга болоход бэлэн байна гэжээ.  Энэ хаалга Европт энх тайван, Украины хөгжил, Хятад, Европын хамтын ажиллагаанд хүргэнэ гэдэгт  найдаж байна гэж Ван И хэлэв.