Устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд нээлттэй хамтын ажиллагааг баримтална
2022-04-10 16:45:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төв болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан “Устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн чуулга уулзалт” дөрөвдүгээр сарын наймны өдөр “онлайн+оффлайн” хэлбэрээр явгадаж, гадаад дотоодын зочид төлөөлөгчид устөрөгчийн эрчим хүчний салбарын хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны тухай судлан хэлэлцжээ. Тэдний үзэж буйгаар, устөрөгчийн аж үйлдвэрийн салбарын чансаатай хөгжлийг идэвхтэй хөгжүүлэх нь маш чухал бөгөөд харилцан ашигтай тэгш хүртээмжтэй байх зарчмын дагуу уг салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй тэлж, улмаар хамтын хөгжлийг ахиулан, хөгжлийн ололт амжилтаасаа хуваалцахыг баримтлах ёстой юм байна. Одоо энэ тухай та бүхэнд сэтгүүлчийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Сүүлийн жилүүдэд дэлхийн гол гол эдийн засгийн цогцууд болон өндөр хөгжилтэй орнууд устөрөгчийн эрчим хүчний салбарын хөгжлийг ихэд чухалчилж байна. Жишээ нь “Европын Холбооны устөрөгчийн стратеги”-д нөхөн сэргээгдэх эрчим хүчээр устөрөгч гаргаж авах болон гаргаж авсан устөрөгчийн эрчим хүчнийг олон ургалч чиглэлээр ашиглаж, 2024 он гэхэд сэргээгдэх эрчим хүчнээс жилд дунджаар 1 сая тонн устөрөгч гарган авч, 2030 он гэхэд энэхүү тоог 10 сая тоннд хүргэж, 2050 он гэхэд энэхүү технологийг боловсронгуй болгон, их цар хүрээтэйгээр ашиглана хэмээн дурдсан байна. Мөн БНСУ-ын “Устөрөгчийн эрчим хүчний эдийн засгийн хөгжлийн үндсэн төлөвлөгөө”-д БНСУ устөрөгчийн эрчим хүчний эдийн засгийн хөгжлийн “хошууч” байх болно гэсэн бол Японы “Устөрөгчийн эрчим хүчний ерөнхий стратеги”-д устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийн зорилтоо тодорхойлсон байдаг. 

Тэгвэл Хятад улс саяхан “Устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөгөө 2021-2035”-ийг нийтэлсэн нь үндэсний хэмжээнд устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх тухай төв засгийн газрын анхны зураг төлөвлөгөө бөгөөд нүүрстөрөгчийн оргил үеийг угтах, нүүрстөрөгчийн төвийг сахих тухай “1+N” бодлогын системийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм. Энэхүү төлөвлөгөөнд, 2025 он гэхэд Хятад улс нөхөн сэргээгдэх эрчим хүчээр жилд дунджаар 100-200 мянган тонн устөрөгч гарган авна гэсэн байна. 

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн байнгын орлогч захирал, гүйцэтгэх хорооны дарга Жан Шяочян: “Энэхүү зорилтыг дэвшүүлж байгаа нь нэг талаар нүүрстөрөгчийн оргил үеийг угтах болон төвийг сахихыг биелүүлэх явц дахь устөрөгчийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлэх болно. Нүүрстөрөгчийн оргил үеийг угтах болон төвийг сахих шаардлага, түүнчлэн Хятад улсын эрчим хүчний салбарын дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний зорилтын дагуу устөрөгчийн эрчим хүчний хөгжил нь заавал ногоон, нүүрстөрөгч багатай байх чиглэлээр хөгжих ёстой. Нөгөөтээгүүр 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр гаргаж авах устөрөгчийн хэмжээг 100-200 мянган тонн гэж төлөвлөсөн явдал нь нэг хэмжээндээ хөгжлийн төлөвлөгөөгөө маш хянуур, болгоомжтой тогтоож байгаа явдал юм.”

Хятад улсын устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийн үндэс суурь нь харьцангуй сайн болохоор ирээдүйд цааш нь хөгжүүлэх өргөн боломжтой юм. Өдгөө уг салбар нь нэгэнт нэлээд том цар хүрээтэй хөгжиж, нийгэм, эдийн засгийн үр ашиг нь тасралтгүй нэмэгдсээр байна. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны инновац болон дэвшилтэт технологийг хөгжүүлэх газрын орлогч дарга Ван Шян, Хятад улс дэлхийд хамгийн том устөрөгч үйлдвэрлэгч орон байж, 2021 онд устөрөгчийн үйлдвэрлэл нэгэнт 33 сая тонныг давсан юм. “14-р таван жилийн” хөгжлийн төлөвлөгөөний хугацаанд орон нутаг болон аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээгдэх эрчим хүчээр устөрөгч гарган авах талд идэвхтэй ажиллах болно. Бүртгэлийн дагуу өдгөө Хятад улсад салхи, нарны эрчим хүчээр устөрөгч үйлдвэрлэх үйлдвэрийн 40 гаруй төслийн бүтээн байгуулалт нэгэнт эхэлсэн буюу бэлтгэл үе шатандаа явагдаж, цэвэр, ногоон эрчим хүчний хангамжийн хүчин чадавхи удахгүй улам дээшлэх болно гэжээ. 

Ван Шян, "Устөрөгчийн эрчим хүчний технологийн шинэчлэлийн хувьд Хятад улс уг салбарын бүхэл бүтэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний процессын системийг үндсэндээ байгуулж, электролизжүүлсэн усаар устөрөгч үйлдвэрлэх төхөөрөмж, хадгалж нөөцлөх ба тээвэрлэх төхөөрөмж, “түлшний эс” зэрэг хэд хэдэн дэвшилтэт технологийг эзэмшсэн. Мөн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Устөрөгчийн эрчим хүчний дэд бүтцийн хувьд улсын хэмжээнд 200 гаруй устөрөгч цэнэглэх станц баригдсан. Устөрөгчийн эрчим хүчний хэрэглээний зах зээлийн хувьд зам харилцаа, тээврийн салбарт маш идэвхтэй хэрэгжиж, түлшний эсээр хөдөлгүүр болгосон тээврийн хэрэгслийн тоо одоо 8000 орчим болсон бөгөөд аажмаар галт тэрэг, усан онгоц зэрэг бусад тээврийн салбарт өргөжин тэлнэ."

Ван Шян хэлэхдээ, саяхан нийтэлсэн “Устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн дунд, урт хугацааны төлөвлөгөө 2021--2035” нь устөрөгчийн эрчим хүчний шинж чанар, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг улам бүр тодорхойлж, ашиглалтын цар хүрээ, эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн орон зайг өргөжүүлсэн гэжээ. 

13-р удаагийн Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дэд дарга, Хятадын Шинжлэх ухаан, технологийн холбооны ерөнхийлөгч Вань Ган хэлэхдээ, одоогоор устөрөгчийн эрчим хүчний хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг дэмжих ажлыг системтэй зохицуулж, гол болон үндсэн технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэн ахиулах хэрэгтэй гэжээ. 

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн байнгын орлогч захирал, гүйцэтгэх хорооны дарга Жан Шяочянгийн үзэж буйгаар, цаг уурын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн оргил үеийг угтаж, төвийг сахих талд улс орнууд устөрөгчийн эрчим хүчинд маш их найдлага тавьж байгаа болохоор энэхүү эрчим хүч нь ирээдүйн олон улсын хамтын ажиллагааны чухал салбар болох юм байна.

Жан Шяочян, “Хятад улсын устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжил нь аж үйлдвэрийн хөгжил, технологийн инновац зэрэг олон талаар нээлттэй хамтран ажиллаж, гадаад дотоодын зах зээл, нөөц боломжийг сайтар ашиглан, устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн олон улсын хангамжийн сүлжээнд идэвхтэй нэгдэхийг шаардана.” 

Хятад, Япон, БНСУ нь дэлхийн устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд тэргүүлж яваа улс орнууд бөгөөд уг салбарт хөгжлийн хэтийн төлөв, хамтын ажиллагааны өргөн боломжтой. Гурван орон үйлдвэрлэл, техник, стандарт болон боловсон хүчин бэлтгэх зэрэг олон талаар хамтран ажиллаж, улмаар харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхийг биелүүлж болох юм хэмээн наймны өдрийн чуулга уулзалтад оролцсон хүмүүс үзжээ. 

Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма видеогоор тавьсан илтгэлдээ: "Устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх явцад Япон зэрэг улс орон эл эрчим хүчний ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлж, өртгийг эрс бууруулах ёстой. Одоохондоо устөрөгч үйлдвэрлэхийн тулд усыг электролиз хийх нь устөрөгч үйлдвэрлэх гол арга зам юм. Гэвч энэхүү үйлдвэрлэлийн технологийг ашиглах нь устөрөгчийн эрчим хүчний үнийг цахилгаанаас өндөр болгох юм. Гэхдээ энэ нь нэг талаар бас Япон, Хятад эсвэл Япон, Хятад, БНСУ-ын хамтын ажиллагааны орон зайг бий болгож байгаа юм. Хэрвээ гурван улс хамтын ажиллагаагаа эрчимжүүлбэл устөрөгчийн эрчим хүчний хэрэглээ маш түргэн тэлж өргөжих болно.”