Хайнаний чөлөөт худалдааны боомт нь Хятадын гадаадад нээлттэй байхын нотолгоо юм
2022-04-14 15:31:31
Share
Share this with Close
youtube WeChat

 Гадаадад нээлттэй байх үүд хаалгаа хаахгүй, харин бүр илүү нээлттэй байлгах болно - энэ бол Хятад улсын дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ахиц дэвшил нь Хятад улс амлалтаа биелүүлэх үлгэр жишээ болсон юм.

4-р сарын 12-нд Хайнаньд ажиллаж явсан Хятад улсын дарга Ши Жиньпин Янпүгийн эдийн засгийн хөгжлийн бүсэд хүрэлцэн очиж, тус бүсийн бүтээн байгуулалт, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалттай танилцав. Мөн өдөр Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хайнань мужийн гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 2017 онд 70 тэрбум 280 сая юань байсан бол 2021 он гэхэд нэмэгдээд 147 тэрбум 680 сая юань болж, жилийн дундаж өсөлт 20.4%-д хүрч, жилийн дундаж өсөлтийн хурд нь улсынхаас 11.5 нэгжээр илүү байж, хоёрдугаар байранд жагссан байна. Энэ нь Хайнаний чөлөөт худалдааны боомтын эрч хүч илт байгаа нь харагдаж байна.

Чөлөөт худалдааны боомт бол өнөөгийн дэлхий дахины хамгийн өндөр түвшин бүхий нээлттэй хэлбэр юм. 2018 оны 4-р сарын 13-нд Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт Хайнань мужид байгуулагдсан. Дөрвөн жилийн турш, Хайнаний чөлөөт худалдааны боомт "тэг тариф"-ын бодлогын дагуу импортын нийт хэмжээ гэхэд 7 тэрбум юаниас давж, бодитой ашигласан гадаадын хөрөнгийн жилийн дундаж өсөлт 79.4%-д хүрч, 150 гаруй төрлийн чөлөөт худалдааны боомтын бодлогыг хэрэгжүүлсэн зэрэг бүтээн байгуулалтын бодит ололт амжилтууд нь Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өргөтгөх шийдвэр зориг болон дэлхий дахинтай хамтдаа амжилтад хүрэх хүчин чармайлтыг харуулсан байна.

2022 оны 3-р сарын эцэс хүртэлх байдлаар, Хайнаний чөлөөт худалдааны боомтын "тэг тариф"-ын бодлогын дагуу импортын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 7 тэрбум юаниас давж, үүнд усан онгоц, аяллын хөлөг онгоц, автомашин, нисэх онгоц, үйлдвэрлэлийн материал, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг "далай, хуурай, агаарын" бүтээгдэхүүнүүд хамрагдаж байна.

Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх хамгийн богино сөрөг жагсаалтаас эхлээд улсын хэмжээнд хил дамнасан үйлчилгээний худалдааны анхны сөрөг жагсаалт, бүр цаашлаад өрсөлдөөн ихтэй татварын хөнгөлөлттэй бодлого хүртэл Хайнаний чөлөөт худалдааны боомтын бизнесийн орчныг байнга сайжруулсаар иржээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хайнань мужийн бодитой авч ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 8 тэрбум 810 сая ам долларт хүрч, жилийн дундаж өсөлт 79,4%-д хүрч, дэлхийн 126 улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулагчдыг татсан байна.

Хүндрэл бэрхшээлтэй байх тусмаа бид улам нээлттэй байх болно. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цар тахал, даяаршлын эсрэг зэрэг олон сорилтуудтай тулгарсан хэдий ч Хятад улс тогтсон төлөвлөгөөний дагуу чөлөөт худалдааны боомт байгуулах ажлыг тасралтгүй ахиулсаар ирсэн. Энэ нь өнгөрсөн 40 жилийн хугацаан дахь өөрчлөлт нээлттэй байх бодлогын туршлагын хураангуйлал төдийгүй Хятад болон дэлхийн хөгжилд түлхэц өгөх бодит арга хэмжээ, түүнчлэн Хятадын үүрэг хариуцлагын илэрхийлэл юм. \Ренчинсоо\