Азийн эдийн засгийг 4.8%-иар өснө хэмээн төсөөлжээ
2022-04-21 15:39:03
Share
Share this with Close
youtube WeChat

“Цар тахал хийгээд дэлхий: Хамтаар дэлхийн хөгжлийг ахиулж, хамтын ирээдүйг цогцлоон байгуулъя” гол сэдвээр зохиогдсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны хурал Хайнаньд нээгдэв. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаас хоёр хувь тайлан нийтэлжээ. 2022 онд Азийн эдийн засаг сэргэлтийн үйл явцыг туулах бөгөөд энэ онд Азийн эдийн засаг 4.8%-иар өснө хэмээн уг тайланд төсөөлсөн байна. Ингээд Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Жя Симаний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын энэ оны хурлын хэвлэлийн бага хурал дээр “Азийн эдийн засгийн хэтийн төлөв хийгээд интегралчлалын үйл явцын тухай 2022 оны тайлан”, “Тогтвортой хөгжиж буй Ази тив ба дэлхий 2022 оны тайлан-Ногоон хөгжлийн төлөөх Азийн үйл ажиллагаа” хэмээх хоёр тайланг нийтэлжээ.

Уг тайланд Азийн эдийн засгийн хэтийн төлөв байдалд төсөөлөл хийж, вирусийн омикрон хувилбараас үүдэлтэй цар тахлын халдварын шинэ үе шат, Украины хямралаас үүдсэн Ази, Европын геополитикийн өөрчлөлт, эрчим хүч, үр тариа зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлс нь эдийн засаг хурдацтай сэргэхэд бараан сүүдэр тусгаж магадгүй гэж тэмдэглэжээ. Тайланд төсөөлснөөр, 2022 оны Азийн эдийн засаг мөн л сэргэлтийн шатанд байх болно, гэхдээ өсөлтийн хурд зохих хэмжээгээр суларч болзошгүй. 2022 оны Азийн эдийн засгийн өсөлт одоогийн ОУВС-гаас гаргасан 5.2%-иар өсөх төсөөлөлд хараахан хүрч чадахгүй, харин өсөлт нь магадгүй 4.8%-д хүрэх магадлалтай байна.

Гэсэн хэдий ч Азийн ихэнх орнуудын эдийн засгийн суурь ерөнхийдөө тогтвортой байх бөгөөд Хятад, АСЕАН, Энэтхэг зэрэг Зүүн Ази болон Өмнөд Азийн эдийн засгийн сэргэлтийн хурд дэлхийн ерөнхий түвшнээс хамаагүй түргэн байхыг тайланд онцлов. Үүнтэй холбогдуулан Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Жан Юйянь ийн ярьсан юм.

“Түүхийн талаас авч үзвэл, Азиийн эдийн засгийн өсөлт нь бусад орнууд, дэлхийн дундаж түвшнээс түргэн бөгөөд энэ чиг хандлага үргэлжлэн хадгалагдсаар байна. Өөр нэг зүйл бол, Хятад улсын эдийн засгийн хэмжээ Азийн тал хувь шахам буюу 40% гаруй хувийг эзэлдэг. Хятад улсын эдийн засгийн өсөлт Азийн эдийн засгийн өсөлттэй нэлээд их холбоотой юм.”

2021 онд дэлхийн эдийн засаг сэргэлтийг угтаж, зүйл бүрийн сөрөг нөлөө, сорилт тулгарсан боловч Ази, Номхон далайн эдийн засгийн интегралчлалын алхаа ерөөс зогсоогүй, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ хөдөлгөх хүчийг нэмэрлэсэн юм. Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодүн энэ тухай ийн ярилаа.

“Нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал хийгээд вирусийн мутаци өөрчлөлтийн сөрөг нөлөө Азийн эдийн засгийн интегралчлалын урагшлах алхааг хориглож чадаагүй. Үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн гүнзгий уялдаа нь Азийн улс орнуудын иргэдийн орлого болон ард олны ашиг тусыг нэмэгдүүлсэн. 2022 оны 1-р сарын 1-нд “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” RCEP хүчин төгөлдөр болсноор дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс албан ёсоор нээгдэв, энэ нь цаашид Азид тогтолцооны шинж чанартай нээлттэй хөгжлийн илүү их ашиг тусыг авчрах юм. Азийн улс орнууд цар тахлын халдварын сөрөг нөлөө, олон талт дүрэм журам алдагдсан зэрэг зүйл бүрийн харш саадыг даван туулж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг гуйвшгүй урагш ахиулж, бүх талын, өргөн хүрээг хамарсан хамтын ажиллагаагаар хамтдаа амжилтад хүрэхийг сүвэгчилж, даяаршилд шинэ арга зам ханган, олон талт харилцаанд чухал дэмжлэг үзүүлж байна.”

Ирээдүйд Азийн орнууд маш олон тал дээр хамтын ажиллагааны илүү олон орой зайтай болох юм хэмээн Ли Баодүн үзсэн байна.

"Азийн орнууд сорилтыг даван туулж, ногоон хөгжил, дижитал шинэчлэлт, хүртээмжтэй өсөлтөд хүрэхэд тогтвортой ахиц дэвшил гаргасаар байна. Цаг уурын өөрчлөлтийг сааруулах, ногоон шилжилтийг хэрэгжүүлэх Азийн улс орнуудын бодит үйл ажиллагаа, гүнзгий хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжилд хүрч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө Ази тив хүч хамтран ажиллаж буйн тод жишээ юм."



\Уртнасан.\