Рамадан сар дуусахын өмнөхөн Палестин-Израилийн хооронд дахин мөргөлдөөн үүсэв
2022-04-30 16:29:55
Share
Share this with Close
youtube WeChat

29-нд, Израилийн цагдаа болон Палестины иргэд Иерусалимын хуучин хот дахь Аль-Акса лалын сүмд мөргөлдөөн болжээ. Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, одоогийн байдлаар мөргөлдөөний улмаас 42 палестин хүн шархадсан байна.

Аль-Акса лалын сүмд Палестины иргэд өглөөний залбирал хийх үеэр мөргөлдөөн гарсан байна. Израилийн цагдаагийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, зарим палестинчууд Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын далбааг барьж, Израилийн цагдаа руу чулуу, салют шидсэн бөгөөд шидсэн чулуу нь Еврейчүүдийн ариун газрын баруун хананд туссан байна. Израилийн цагдаа нар палестинчуудыг хөөхөөр оролдсоны улмаар мөргөлдөөн үүсчээ.

Израилийн цагдаа нар Аль-Акса лалын сүмд залбирал үйлдэж байсан палестинчууд руу нулимс асгаруулагч хий, резинэн сумаар галласан гэж Палестины мэдээллийн агентлаг мэдээллээ. Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, шархадсан хүмүүсийн 22 нь эмнэлэгт хүргэгдсэн, харин хүнд бэртэгсэд алга байна.

29-ний өдөр бол энэ оны Мусульманчуудын Рамадан сарын сүүлчийн баасан гараг юм. Палестины мэдээллийн агентлагийн мэдээлснээр, мөн өдөр 160 мянга орчим палестинчууд Аль-Акса лалын сүмд мөргөл үйлдэхээр очсон байна. \Ренчинсоо\