ХКН-ын XVIII их хурал ба түүнээс хойш (2012-2022) дэвшүүлсэн Хятад улсын хөгжлийн үзэл баримтлалууд
2022-05-05 14:35:56
Share
Share this with Close
youtube WeChat


МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Оршил

Хятад судлаачид Хятад улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн эх үндсийг Дэн Шяопин-гийн 1978 онд авч хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлоготой нягт уялдуулан авч үздэг. Сүүлийн арваад жилд онцолж хэлбэл ХКН XVIII их хурлаас хойш, Хятад улсын эдийн засаг эрс хүчирхэгжиж, хөгжлийн тогтвортой байдлаа хадгалж байгааг Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв Хороо, Засгийн газар ард түмнээр гол төв болгосон хөгжлийн үзэл санааг дэвшүүлж, эдийн засгийн салбаруудад үр дүнтэй бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, ялангуяа өндөр чанарыг эрхэмлэж, гадаадад нээлттэй байх үндсэн төрийн бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлсэнтэй нягт холбоотой гэж олон улсын эрдэмтэн судлаачид дүгнэдэг. 

Миний бие энэ нийтлэлдээ ХКН-ын XVIII их хурал ба түүнээс хойш (2012–2022 он) Хятад улсын дэвшүүлсэн хөгжлийн үзэл баримтлалуудын талаар авч үзэх болно.

 

ХКН-ын XVIII их хурал ба түүнээс хойш дэвшүүлсэн хөгжлийн үзэл баримтлалууд

Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилд асар хурдацтай хөгжлийн замыг туулсан ба Дэн Шяопин улсынхаа зарим хэсэг хүмүүс, зарим бүс нутгийг эхэлж чинээлэг болгох зорилгыг дэвшүүлсэн байдаг. Харин Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын Төв Хороо, Засгийн газар ард түмнийг гол төв болгосон хөгжлийн бодлого баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн, холбогдох арга хэмжээнүүдийг идэвхтэй авч хэрэгжүүлж байна. 2020 он гэхэд Хятад улсын ДНБ хэмжээ 100 их наяд юань-ийг давж, өнгөрсөн 20 жилтэй харьцуулахад тус улсын нийгмийн баялагийг шинээр бүтээх чадвар хэдийнээ их хэмжээгээр дээшилж, 1,4 тэрбум хүнийхээ гэдэс цатгалан, мөр бүтэн байх асуудлыг шийдвэрлэн, дундаж чинээлэг нийгмийг үндсэндээ байгуулснаа зарласан юм. 


Хөгжлийн шинэ үзэл баримтлал

Ноён Ши Жиньпин 2015 оны 10-р сард ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны V бүгд хурлаар шинэ үзэл баримтлал буюу инновацын, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар анхлан дэвшүүлж, ХКН-ын XIX их хурлаар тус үзэл баримтлалыг улсынхаа үндсэн 14 стратегийн нэгээр тодорхойлсон. Мөн 2022 оны 3-р сард хуралдсан БХАТИХ-ын V чуулганы үеэр Ши Жиньпин “Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь шинэ эрин үед манай орон хөгжин хүчирхэгжихийн зайлшгүй туулах нэг зам юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ бүгдээс харахад хөгжлийн шинэ үзэл баримтлал нь Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн цаашдын үндсэн чиг баримжаа, зам луужин хэдийн болжээ гэж харагдахаар байна.

Тэгвэл хөгжлийн шинэ үзэл баримтлал гэж юу вэ? Үүнд нэгд, инновациар хөгжлийг хөтлөх, хоёрт, зохицуулалттай хөгжлөөр хөгжлийн тэнцвэргүй асуудлыг шийдвэрлэх, гуравт, ногоон хөгжлөөр хүн хийгээд байгалийн зохицлын асуудлыг шийдвэрлэх, дөрөвт, нээлттэй хөгжлөөр хөгжлийн гадаад дотоодын харилцан үйл ажиллагааны асуудлыг зохицуулах, тавд, хамтдаа хүртэх хөгжлөөр нийгмийн шударга байдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг багтана [1]. Тус таван чиглэлийг дэлгэрүүлбэл:

Нэгд, инновацийн хувьд хүчирхэг их гүрнийг бүтээн байгуулахад инновацийн хөгжлийг нийгмийн бүх салбарын манлайд тавих ёстой гэж үзээд, “XIV таван жилийн төлөвлөгөө”-нд зангилаа цөм болсон технологийн шинэ чухал амжилтуудыг бий болгох, инновацлаг улс орнуудын эгнээнд шилжих, шинэ аж үйлдвэржилт, мэдээлэлжилт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Хоёрт, зохицуулалттай хөгжилд хот хөдөөгийн хөгжил, материаллаг болон оюуны соёл, эдийн засаг ба ард иргэдийн хөгжил, бүс нутгийн тэнцвэртэй байдал, хөгжлийн боломж, баялгийн тэгш хуваарилалт зэрэг олон агуулга багтана. 2022 оны 3-р сард хуралдсан Хоёр Чуулганаар Хятадын Засгийн газар хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажлыг бодлогын чухал зорилт болгож, ядуурлаас ангижирсан бүсэд нутгийн онцлогтой үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдлыг дэмжих, хөдөө тосгоны бүтээн байгуулалтын ажилд түлхүү анхаарахаа мэдэгдсэн. 

Гуравт, ногоон хөгжил нь шинэ хөгжлийн үзэл баримтлалын цөм үзэл санааны нэг бөгөөд Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад онцгой төвлөрч ажиллах зорилтуудыг “XIV таван жилийн төлөвлөгөө”-нд хэдийн дэвшүүлсэн. Энэ талаар дэлгэрүүлж уншихыг хүсвэл миний нийтлэлийг сонирхоно уу.

(http://www.mglnews.mn/content/read/82353.htm)

Дөрөвт, нээлттэй хөгжил нь хөгжлийн гадаад дотоодын харилцан үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэх явдал гэж үзжээ. Гадаадад нээлттэй байх үндсэн төрийн бодлогыг баримтлан, харилцан ашигтай, хамтдаа хожих, нээлттэй стратеги хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэн, хөрөнгө оруулалтын бүтцийг боловсронгуй болгож, илүү өндөр түвшний нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх. 

Тавд, хамтдаа хүртэх хөгжлийг чухалчилсан нь нийгмийн тэгш шударга ёсыг дээдлэх явдал аж. Үүнд хөгжлийн үр шимийг хамтдаа хүртэх, ядууралтай оновчтой тэмцэж, ард түмнийхээ олж хүртэж байгаа мэдрэмж, аз жаргалтай байх мэдрэмж, аюулгүй, баталгаатай байх мэдрэмжид онцгойлон анхаарч, хүн нэг бүрийг бүх талаар нь хөгжүүлэх төлөвлөгөө багтана. 


Өндөр чанартай хөгжил

Ноён Ши Жиньпин ХКН-ын XIX их хурал дээр “Өнөөдөр манай нийгэмд үүсээд буй зөрчил бол ард түмний өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ ба тэнцвэргүй, бүрэн дүүрэн бус хөгжил хоорондын зөрчил болоод байна. Тиймээс хөгжлийн шинэ үзэл баримтлалын шаардлагын дагуу манай улсын эдийн засаг өндөр хурдтай өсөлтийн үе шатнаас өндөр чанартай хөгжлийн үе шатанд хэдийнээ шилжээд байна” хэмээн тэмдэглэв. Үүнээс Хятад улс ард түмнийхээ гэдэс цатгалан, мөр бүтэн, толгой хоргодох байр, явж суух унаа хөсгийн асуудлыг үндсэнд нь шийдвэрлэж чадаад, харин одоо хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж, амьдралын чанарыг өндөр байлгах чиглэлд хөгжлийн бодлогоо хандуулж байгаа нь харагдаж байна.(Миний удахгүй хэвлэгдэн гарах “Орчин үеийн Хятад орон Амьдралын чанар” орчуулгын бүтээлд энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.)

Гэвч нийгэм эдийн засаг хөгжихийн хэрээр Хятад улсад нийгмийн хоёр туйлт байдал даамжирч, баян ядуугийн ялгавар цаашид ч улам тэлж, Хятад улсын хөгжлийн өмнө тулгарч буй шинэ асуудал болсон тул, ХКН “Хамтдаа чинээлэгжих” улс төрийн хүсэл эрмэлзлийг илүүтэй товойлгон, өндөр байр сууринд тавих болов. 


Хамтдаа баян чинээлэг болох 

2013 онд Хятадад ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед 100 сая хүн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байсан бол долоон жилийн дараа буюу 2020 онд энэ тоо тэг-д хүрч, Хятад улс үнэмлэхүй ядуурлыг үндсэнд нь арилгаж чадсанаа мэдэгдсэн билээ. 

Ноён Ши Жиньпин 2020 оны 10-р сард ХКН-ын XIX их хурлын V хуралдаанд “Нийт ард түмнийг баян чинээлэг болгох ажилд бодитой дэвшил гаргах” зорилтыг дэвшүүлсэн бол бүх ард түмний хамтдаа баяжин чинээлэгжих явдлыг 2021 оны Хятадын “XIV таван жил”-ийн төлөвлөгөө болон 2035 оны алсын зорилтод багтаасан байдаг.

Гэхдээ хамтдаа баян чинээлэг болох зорилт цоо шинэ ойлголт биш юм. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжсэнээс хойш, Дэн Шяопин төлөвлөгөөт эдийн засгийн хязгаарлагдмал байдлыг бүрэн таньж, хүмүүст хөгжлийн бүрэн эрх чөлөөг өгч, тэднийг баялаг бүтээхийг дэмжиж байж сая Хятадын эдийн засаг сэргэнэ, Хятадын нийгэм ч ингэж байж л чинээлэгжинэ гэдгийг ойлгожээ. Тиймээс ч “Муур хар байна уу цагаан байна уу хамаагүй, хулгана барьж чадаж л байвал сайн муур” гэсэн хөгжлийн үзэл санааг дэвшүүлэн, зарим хүмүүсийг түрүүлж баяжаад дараа нь бусдыгаа араасаа дагуулж, эцэст нь хамтдаа бүгд баян чинээлэг болохыг дэмжсэн байна. Үүнээс харвал хамтдаа чинээлэгжих явдал бол Дэн Шяопин-гийн үеийн ХКН-ын урт хугацааны зорилт бөгөөд Ши Жиньпин-гийн үе ирэхэд улс даяараа хамтдаа чинээлэгжих замаар алхах материаллаг нөхцлийг бүрдүүлж чаджээ.


Жэжянь мужийн Хужоу хотын Наньшүнь бүс нутгийн Шань Лянь шянь/Зургийг Жинь Лианкуай/


Тус суманд хөдөө тосгоныг хөгжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлснээр хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад дөхөм болж, хамтдаа баян чинээлэг болох зорилтод хүрэхэд бат бэх суурь болжээ. (Эх сурвалж: http://www.chinanews.org/zx/shehui/14265.html)

Тус зорилтыг биелүүлэхийн тулд нэгд, хөгжлийн чанарын үр ашгийг нэмэгдүүлж, хамтдаа баян чинээлэг болох материаллаг суурийг бат бэх тавих, хоёрт, орлого хуваариалалтад анхаарч, хот хөдөөгийн иргэдийн орлогыг олон гарц сувгаар нэмэгдүүлэх, гуравт, хот хөдөөгийн хөгжлийн зөрүүг багасгаж, нийтийн үйлчилгээний давуу байдлыг адил тэгш хүртэх, дөрөвт, ард иргэдийн оюуны соёлын амьдралыг баяжуулах, тавд, тав тухтай амьдрах орчныг бий болгох, зургаад, амар тайван нийгмийн орчныг бий болгох [2] зэрэг зургаан алхамт арга хэмжээ авах аж.

Багахан тоо баримт дурдвал, Хятад улсын хамгийн баян чинээлэг иргэд хүн амын 1%-ийг эзэлдэг ба тэд нийт баялгийн 31%-ийг дангаараа эзэмшиж байгаа нь 2000 оноос хойш 21%-иар өссөн байна (АНУ хувьд хамгийн баян 1% иргэн баялгийн 35%-ийг эзэмшдэг байна) [3]. Мөн Хятадад эдүгээ дундаас доош орлого бүхий 600 сая иргэн бий. Тэдний нэг сарын дундаж орлого 1000 юань-аас бага [4] бөгөөд хамтдаа баян чинээлэг болох бодлого нь нийгмийн энэхүү анги бүлэгт илүү хандах юм.


Нэг бүс нэг зам санаачлага

Энэ тухай дэлгэрэнгүйг доорх линкээр орж унших боломжтой. (http://www.mglnews.mn/content/read/82025.htm?fbclid=IwAR3Is9obCYohGb6kaHHo8a9nblqPXaDRIWCBdRUUyvRWoWBZDaWM6Vx3Urg)

 

Дэлхийн хөгжлийн тухай санаачлага


БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганд цахим хэлбэрээр оролцож буй нь/Зураг Шинхуа агентлаг/


Хятадын дарга Ши Жиньпин 2013 онд “Нэг бүс нэг зам” санаачлагыг дэвшүүлж байсан бол 2021 оны 9-р сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы үеэр “Дэлхийн хөгжлийн тухай санаачлага”-ыг анхлан дэвшүүлж, дэлхийн улс орнуудыг тэнцвэртэй, зохицуулалттай, хүртээмжтэй “Шинэ хөгжлийн үе шат” руу хамтдаа алхан орохыг уриалсан юм. 

“Дэлхийн хөгжлийн тухай санаачлага” дотроо тууштай баримтлах ёстой 6 цөм агуулгатай. Үүнд: нэгд, “Хөгжлийг эн тэргүүнд тавих”, илүү эрх тэгш, тэнцвэртэй дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг бий болгох, хоёрт, “Ард түмнийг гол төв” байр сууринд тавьж, иргэдийн аз жаргалтай байх мэдрэмж, олж хүртэж байгаа мэдрэмж, аюулгүйн мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлэх, гуравт, “Уужуу хүртээмжтэй, ашиг тустай” байхад анхаарч, улсууд хоорондын болон улс орны дотоодын хөгжлийн тэнцвэргүй, бүрэн дүүрэн бус асуудлыг шийдвэрлэх, дөрөвт, “Инновацийн хөдөлгөгч хүч”-ийг чухалчилж, ковидын дараах эдийн засгийн өсөлтийн шинэ хүчийг нээн илрүүлж, үсрэнгүй хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, тавд, Хүн хийгээд байгалийн зохицолт оршихуйн жамыг дагаж, дэлхийн байгаль орчны засаглалыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй арга хэмжээ авах, зургаад, “Үйл ажиллагааг залуур болгож”, хөгжлийн нөөц баялгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэлхийн хөгжлийн хувь заяаны цогц нэгдлийг бий болгох зэрэг болно.  (Эх сурвалж:  http://global.chinadaily.com.cn/a/202109/22/WS614a995ca310cdd39bc6aaeb.html)


Дүгнэлт

Хятад улс эдийн засгийн хөгжлийн стратегийн хувьд "XIII таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаа (2016-2020)-нд эдийн засгийн хөгжилдөө чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэлтийг шинэ шатанд гаргах бодлого дээр илүү төвлөрч байсан бол “XIV таван жилийн төлөвлөгөө” (2021-2025)-нд Хятадын эдийн засгийн бүтцийг чанарын хувьд сайжруулж, өндөр чанартай хөгжилд анхаарч ажиллахаар байна. Тэгвэл энэхүү өндөр чанартай хөгжлийн шаардлага нь миний дээр танилцуулсан хөгжлийн шинэ үзэл баримтлал-ын хэрэгжилтээр хангагдах юм.

Хятад улс өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилд асар хурдацтай хөгжлийн замыг туулсан ба Дэн Шяопин зарим хэсэг хүмүүс, зарим бүс нутгийг эхэлж чинээлэг болгох зорилгыг хэрэгжүүлснээр дундаж чинээлэг нийгмийг үндсэндээ байгуулж, 1,4 тэрбум хүний гэдэс цатгалан, мөр бүтэн байх асуудал шийдэгдэв. Нэг үгээр хэлбэл өмнөх 40 жил нь Хятад улс эдийн засгийн бүтээн байгуулалтыг төв болгож, бүх хүчин чармайлтаар эдийн засгийг хөгжүүлж, зарим хэсэг хүмүүсийг чинээлэгжин баяжуулсан бол үүнээс хойшхи 30 жилд /2050 он хүртэл/ бүх чадлаараа эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ бүх ард түмнээ хамтад нь чинээлэгжүүлэхээр чармайн ажиллах аж.


Ашигласан эх сурвалж:

[1] 关系我国发展全局的一场深刻变革——习近平总书记关于完整准确全面贯彻新发展理念重要论述综述(https://www.12371.cn/2021/12/08/ARTI1638917739193231.shtml)

[2]“共同富裕示范区”来了!什么是共同富裕?如何实现?专家解读来了(http://www.workercn.cn/34196/202106/11/210611094009534.shtml)

[3] 习近平提“共同富裕”,敦促中国富豪分享财富(https://cn.nytimeмs.com/china/20210907/china-xi-common-prosperity/)

[4] “6亿人每月人均收入1000元”?国家统计局回应(http://politics.people.com.cn/n1/2020/0615/c1001-31747507.html )


МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ