Гэрлийн чимэглэлтэй хөгжмийн танхим
2022-05-08 12:36:03
Share
Share this with Close
youtube WeChat

Германы Гамбургийн  Эльбагийн Филармонийн танхим ашиглалтад ороод таван жилийн нүүр үзэж байгаатай холбоотойгоор орон нутгийн цагаар 4-р сарын 28-нд “Breaking Waves” хэмээх чимэглэлийн урлагийн анхны шоуг тэнд үзүүлж, төрсөн өдрийг нь тэмдэглэлээ.   Хятадын Төв Радио Телевизээс Германд суугаа сэтгүүлч Руань Жявэний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Эльбагийн Филармонийн танхимын таван жилийн ойг тэмдэглэхийн тулд Нидерландын урлагийн хамтлаг DRIFT нь хөгжмийн танхимын гадар хананд гэрлийн урлагийн үзүүлбэр бэлджээ.  “Breaking Waves” хэмээх бүтээл олон мянган гэрлийн дроноор бүрдсэн бөгөөд Thomas Adès-ийн төгөлдөр хуурын хөгжмийн хэмнэлээр дөрвөн шөнө бүжиглэжээ.  DRIFT хамтлагийн Ralph Nauta хэлэхдээ: “Хосгүй сайхан энэ концертын танхимыг бид Breaking Waves-ээр чимж, гэрэл болон хөдөлгөөнөөр барилга байшинг гэрэлтүүлэн амилуулж, улам цоглог харагдуулах бөгөөд урсгал, давлагаа, гэрэл, хөгжмийг үзэгчдийн зүрхний цохилготой нэгтгэхийг зорьсон юм. Эдгээр элементийг уялдуулснаар бүх зүйлийг холболоо гэж бодож байна. Энэ бол манай уран бүтээлийн гол зорилго. ”

Түүний хамтрагч Lonneke Gordijn-ы аав нь Хятадын Сүжөүд 15 жил амьдарсан тул Хятадад олон удаа очиж байлаа. Одоо Lonneke Gordijn-ы  дурсамжийг үргэлжлүүлэн сонсоорой.“Би Хятадын соёлыг сонирхдог. Их санаж байгаа, тэнд байгаа найзуудтайгаа мэндчилж байна. Сайн сууцгааж байна уу, энэ урлагийн бүтээл маань харилцан адилгүй соёл хоорондын хэлхээ холбоог дахин сэргээсэй гэж хүсэн хүлээж байна.”

Эльбагийн Филармонийн танхимын захирал Кристов·Рибон-Соут хэлэхдээ, хөгжмийн  танхим нь Гамбургийн соёлын амьдралд томоохон өөрчлөлт авчирсан: Ашиглалтад орсноос хойших таван жилд орон нутгийн концертын үзэгчид хоёр дахин нэмэгдэж, концертын мэдээллийг захиалагчдын тоо бүр дөрөв дахин нэмэгдсэн гэжээ.“Цаашид мөн ийм идэвхтэй хандлагатай байгаасай гэж бид хүсэж байна. Хөгжмийн ертөнцөд өргөн боломж нээгээсэй гэж хүсэж байна. Цар тахлаас өмнө Хятадын уран бүтээлчид хөгжмийн хамтлаг манай энд тоглож байсан. Сүүлийн хоёр жилд төслүүд хэрэгжих боломжгүй боллоо. Торгоны замын сэдэвт хөгжмийн наадам ч цуцлагдсан. Гэхдээ цар тахал намжаад эдгээр арга хэмжээг нөхнө гэдэгт найдаж байна. Хятадын жуулчдыг урьж байна. Хамтын ажиллагааны олон боломжийг ч хүсэж байна. Хятадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад бэлэн байна.”
Эльбагийн Филармонийн танхим Гамбург хотыг улам үзэсгэлэнтэй болголоо гэж Гамбургийн Аялал жуулчлалын газрын дарга Michael Otremba ярьж байлаа:“Эльбагийн Филармонийн танхим Гамбургийг өөрчилсөн. Гамбург угаасаа үзэсгэлэнтэй хот, гэхдээ хөгжмийн танхим энэ хотын нэрийн хуудас, газар зүйн бэлэг тэмдэг болж, илүү хүсэл эрмэлзэл, саруул ирээдүйтэй болголоо.  Эльбагийн Филармонийн танхим нь хүмүүсийн хуран цуглаж, соёлын солилцоо хийдэг газар. Гамбургийн соёлыг илүү олон хүнд таниулахад бид таатай байна. Европт ирсэн хүн болгон Гамбургийг тэргүүний сонголтоо болгох ёстой. ”