Ачаа тээврийн сансрын хөлгийг хөөргөв
2022-05-11 21:01:32
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 10-ны үүрээр ачаа тээврийн “Тяньжөү-4" сансрын хөлгийг тээсэн “Чанжэн-7" нэрэмжит зөөгч пуужинг Хятад улсын Хайнань муж дахь Вэньчаны хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн юм. Сансрын хөлгийн нарны зайн хавтан ажлаа эхлүүлснээр хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо.

Мөн өдрийн үүрийн 01 цаг 56 минутын үеэр ачаа тээврийн “Тяньжөү-4” сансрын хөлгийг тээсэн “Чанжэн-7 Яо-5” зөөгч пууинг Хятад улсын Вэньчаны хиймэл дагуул хөөргөх төвөөс асааж хөөргөв. Ойролцоогоор 10 минутын дараа сансрын хөлөг болон пуужин амжилттай салж, товлосон тойрог замд оров. 02 цаг 23 минутын үеэр сансрын хөлгийн нарны зайн хавтан ажиллаж эхэлснээр хөөргөлтийн ажиллагаа бүрэн амжилттай болсон юм. Хятадын Нисэгчтэй сансрын хөлгийн төслийн дэд ерөнхий дизайнер Лю Жинь хөөргөлтийн талаар сэтгэгдлээ хуваалцав.“Сэтгэл маш их догдолж байна. Өнөөдрийн хөөргөсөн пуужин товлосон тойрог замдаа маш оновчтой орлоо. Энэ бол шинжлэх ухаан технологийн шинэ нэг үеийн ажилтнууд, сансар судлалын ажилтнууд технологийн талаар бас шинэ ахиц гаргасны бэлэг тэмдэг болов. Хойшдын сансрын нисэгчдийн хөгжил нэн сайн суурь, илүү сайн инновацийн чадвартай болсныг харуулж байгаа. Хятад улсын сансар судлалын үйлс, хүн төрөлхтний соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд чухал ач холбогдолтой явдал юм.”


“Чанжэн-7” нэрэмжит зөөгч пуужин болон “Тяньжөү-4” нэрэмжит ачаа тээврийн сансрын хөлгийн хослолын хувьд энэ удаад дөрөвдөгч удаагаа сансрыг чиглэсэн бөгөөд хоорондоо маш сайн уялдаатай болж чаджээ. Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацын Нэгдүгээр хүрээлэнгийн “Чанжэн-7” нэрэмжит зөөгч пуужингийн дэд ерөнхий дизайнер Ма Жунхүй хэлэхдээ: Энэ удаа гол нь хөөргөх үйл явцыг улам сайжруулав гэжээ.“Бид хөөргөлтийн үеллийн хугацааг богиносгоод 27 хоног болгож, хөөргөх өдөрт арван хоёр цагийн үйл явцтай байсныг богиносгоод найман цаг болгож, процессыг улам сайжруулсан юм.”

“Чанжэн-7” зөөгч пуужингийн дэд ерөнхий дизайнер Шэнь Дань хэлэхдээ: Энэ удаа хөөргөлтийг турших үеллийн хугацааг 4 хоногоор богиносгож, нэг сарын дотор пуужинг турших, хөөргөх үүргийг биелүүлж чадсан гэв.“Үеллийн хугацааг богиносгоход зарим онцгой технологиудыг ашиглав. Шингэн хүчилтөрөгч, керосин гэсэн хоёр төрлийн түлшийг хөөргөх өдөр зэрэг дүүргэж, керосинийг хадгалах хугацаа болон температур өсөхийг нь бууруулж, түлшний чанарыг улам баталгаатай болгосон юм. Үүний зэрэгцээ хөөргөлтийн өмнөх бэлтгэлийн хугацааг хэмнэж, ажилтнууд, тоног төхөөрөмж болон цаг агаар зэрэг эдгээр баталгаажуулалтын нөхцөлд тавигдсан зарим шаардлагыг бууруулж, харин хөөргөлтийн найдвартай байдлыг нэмэгдүүлсэн.”


Энэ удаа хөөргөсөн ачаа тээврийн “Тяньжөү-4” сансрын хөлөг бол тун удахгүй сансарт гарах “Шэньжөү-14" сансрын хөлгийн нисэгчдийн багт эд материалын баталгаажуулалт хангах үүрэгтэй юм. Тус ачаа тээврийн сансрын хөлөг нь өдгөө дэлхийд ашиглалтад байгаа ачаа тээвэрлэх чадвараар хамгийн их, тойрог зам дахь үйл ажиллагааг дэмжих чадвараар хамгийн бүрэн ачаа тээврийн сансрын хөлөг юм. “Тяньжөү-4” сансрын хөлөг сансрын станцад хүрч тогтсон энэ хугацаанд ачаа барааг нөхөх, түлш нэмэх, сансрын уудамд шинжлэх ухааны туршилт хийх үүрэг гүйцэтгэнэ. Ачаа тээврийн “Тяньжөү-4” нэрэмжит сансрын хөлгийн системийн дэд ерөнхий дизайнер Шюй Шяопин сурвалжлагчид хэлэхдээ: Өмнөх удаагийн туршлагуудтай харьцуулбал “Тяньжөү-4” сансрын хөлөг илүү нарийвчлалтай, боловсронгуй болж чадсан гэв.“Эхний шатны нислэгийн үр дүнгээс үзвэл, жишээлбэл түлшний хэмжээний талаар маш нарийвчлалтай болсон, иймээс бид хэдий түлш авч явбал хангалттай гэдгийг мэдсэн. Цаашдын удаа бүрийн нислэгийн төлөвлөлт хийхдээ, түлшийг илүү хэмжээгээр тээх шаардлагагүй болсон. Ингэснээр ачаа барааг илүү авч явах боломжтой. Хойшид бас зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үедээ зарим дизайныг илүү боловсронгуй болгож болно. Жишээлбэл ачаа тээвэрлэх чадварыг нь улам нэмж болно. Нарийвчлалтай зарим дизайн гаргаж, алхам алхмаар боловсронгуй болгох болно.”

Энэ удаагийн нислэгт Тяньжөү-4 ачааны сансрын хөлөг нь савласан бараа, шууд суурилуулах бараа, 750 кг нэмэлт түлш, 6 тонн орчим материал зэрэг 200 гаруй барааг ачсан байна.