Импорт экспортын ерөнхий хэмжээ өсөв
2022-05-12 22:04:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Гаалийн ерөнхий газрын саяхан нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл энэ оны эхний дөрвөн сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспортын ерөнхий хэмжээ 12.58 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 7.9%-иар нэмэгджээ. Үүнд экспорт 6.97 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн мөн хугацааныхаас 10.3%-иар өсөж, импорт 5.61 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 5%-иар нэмэгджээ. Энэ нь Хятад улсын эдийн засгийн урт хугацаанд сайжран хөгжихийн үндсэн төлөв байдлыг харуулсан бөгөөд бүтэн жилийн гадаад худалдааг тогтвортой байлгах, чанаржуулах зорилтыг биелүүлэхэд хөшүүрэг боллоо хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газрын тоо бүртгэлд харуулснаар, оны эхний дөрвөн сард Хятад улсын гадаад худалдааны бүтэц сайжирч, ердийн худалдааны импорт экспорт 8.01 их наяд юаньд хүрсэн нь 2021 оны мөн үеэс 11.2%-иар нэмэгдэв. Хятад улсаас АСЕАН, Европын Холбоо, АНУ, БНСУ-д экспортолсон хэмжээ тус тус 1.84 их наяд юань, 1.73 их наяд юань, 1.56 их наяд юань, 764 тэрбум 920 сая юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас тус тус 7.2%, 6.8%, 8.7% болон 8.4%-иар өсжээ. АСЕАН нь Хятад улсын худалдааны нэгдүгээр том түнш хэвээр байгаа бөгөөд Хятад улсын гадаад худалдааны ерөнхий хэмжээнд 14.6%-ийг эзэлсэн байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын Статистикийн судалгааны хэлтсийн дарга Ли Күйвэнь энэ тухай  танилцууллаа.“Хятад улсын гадаад худалдааны орчин илүү ээдрээтэй, хүндрэлтэй болж буй нөхцөл байдалд оны эхний дөрвөн сард Хятад улсын гадаад худалдааны импорт экспорт өсөлтөө хэвээр хадгалж, импорт экспортын бодит амжилт бүтээсэн гадаад худалдааны компани нэгжийн тоо ноднингийн адил хугацааныхаас 4.7%-иар нэмэгдэв. Энэ нь Хятад улсын эдийн засаг уян хатан чанараар сайн, боломж гүйцэд, эргэлтийн орон зай их, урт хугацаагаар сайжрахын үндсэн төлөв байдал өөрчлөгдөхгүй онцлогийг харуулсан бөгөөд Хятад улс бүтэн жилийн гадаад худалдааны тогтвортой байдлыг хадгалах, чанаржуулах зорилтдоо хүрэхэд нэлээд сайн тулгуур болов.”

Үүний зэрэгцээ Хятад улсаас “Бүс ба зам” дагуу орнуудтай өрнүүлсэн импорт экспортын нийт хэмжээ 3.97 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн эхний дөрвөн сарынхтай харьцуулбал 15.4%-иар нэмэгджээ. Хятад улс “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээ” (RCEP)-ийн бусад 14 гишүүн оронтой хийсэн импорт экспорт 3.84 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн адил хугацааныхаас 3.9% өссөн байна. Хятадын Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний комиссын дэд дарга, Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн дарга Жан Жяньпин энэ талаар танилцуулав.“Хятад улсаас Бүс ба замын түншүүдтэй өрнүүлсэн гадаад худалдаа 15.4%-иар өсөн нэмэгдсэн нь Хятад улсын гадаад худалдааны дундаж өсөлтөөс 7.5 нэгж дээгүүр байна. Энэ нь, Хятад улс гадаад худалдааг тогтвортой байлгах үйл явцдаа гадаад худалдааны зах зээлийг олон талаар хөгжүүлэхээр дамжин “Бүс ба зам”-ын түншүүдийн зах зээлийн асар их боломж, орон зайг тэлж, улмаар гадаад худалдаанд шинэ хөдөлгөх хүч олгон, гадаад худалдааны өнөөгийн хөгжлийг дэмжиж буйг тусгаж байна. ”

Жан Жяньпиний үзэж байгаагаар, өдгөө гадаад худалдаанд тогтвортой өсөх чиг хандлага илэрсэн боловч зах зээл хумигдах нэлээд их дарамтад нүүрлэж байна. Олон улсын байгууллагын төсөөлснөөр, энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх оныг хүрэхгүй магадлалтай байна. Цаашид гадаад худалдааг хэрхэн цаашид тогтвортой байлгах талаар Жан Жяньпин сэтгэгдлээ ярив.“Гадаад худалдааг тогтвортой байлгахад нэгд, гадаад худалдааны компаниудад ногдох татвар, зардлыг нь улам бууруулж, гадаад худалдааны компаниуд арилжааны өөрийн өртгийг бууруулан, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг нь дэмжих хэрэгтэй. Банк санхүүгийн байгууллагуудаас гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх, экспортын зээлийн даатгалд хамруулах, даатгалын хамрах хүрээг өргөтгөх, зээлийн даатгалын зардлыг бууруулах дэмжлэг үзүүлэхийг урамшуулна. Үүнээс гадна, нийгмийн баталгаажуулалтын хувьд, худалдааг хялбарчлах талаарбүх орон нутгууд хүчин чармайлт гаргаж, ялангуяа туршилтын чөлөөт бүс, Хайнаний чөлөөт худалдааны боомт нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна. Хятад улсын олон улс дахь гадаад худалдааны өрсөлдөх чадвар болон гадаад худалдааны бодлогын дэмжлэг байгаа учраас энэ оны гадаад худалдаа тогтвортой эерэг өсөлтийг хадгалж, Хятад улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд шинэ хувь нэмэр оруулах боломжтой байгаа юм.”