Өвөр Монголын Өөртөө засах орны Жарууд хошууны Чавгат сумын эмнэлэг сүүлийн үед элсний эмчилгээний цогцолборыг ашиглан, үе мөчний эмгэгтэй нутгийн малчдад хол явах шаардлагүйгээр тухайн нутагтаа үр дүнтэй хямдхан эмчлүүлэх таатай боломжийг бүрдүүлж өгч байна.
Элсний эмчилгээ нь 13-р зууны үеэс бий болсон бөгөөд элс манхан нутгуудад өргөнөөр ашиглаж байдаг. Элсэнд эрдэс баялаг агуулдаг учраас наранд юм уу эсвэл өөр аргаар халуулсан элсэнд үе мөчний эмгэгтэй хэсгийг булж эмчлэх нь цусны эргэлтийг сайжруулах бөгөөд бие сэтгэцийн алжаалыг тайлдаг.
Чавгат сумын эмнэлэг нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг юунаас ч илүү эрхэм нандинд үзэх улс орны бодлогыг орон нутгийнхаа өвөрмөц байдалтай уялдуулан хэрэгжүүлж, элсний эмчилгээний цогцолборыг оруулжээ. Тус сумын Уул тосгоны малчин Алтансан: Үе мөч өвдвөл хошуу орох шаардлагагүй, зуслангаасаа шууд сумын эмнэлэгт ирж эмчлүүлэх боломжтой болсонд баяртай байна. Эмчилгээний зардал хямдхан, үйлчилгээ сайтай гэж байлаа.
Олон улсын эрүүл мэнд эмчилгээний шинэ моод болж байгаа Элсний эмчилгээ нь Уйгарын уламжлалт анагаах ухааны арга хэлбэрийн нэг бөгөөд дэлхийн үндэстний уламжлалт анагаахын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Чавгат сумын эмнэлэг Европ эмчилгээнээс гадна, элсний эмчилгээ, лааны эмчилгээ, мөнгөн зүү төөнүүр зэрэг уламжлалт анагаахын аргыг хослуулан ашиглаж, уламжлалаа өвлөх, шинийг санаачлах талаар хичээн ажиллаж байна хэмээн Чавгат эмнэлгийн захирал Наранмадлаа ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ, цаашид сумынхаа 9 тосгоны 6000 гаруй иргэддээ эрүүл мэндийн сайн үйлчилгээ хангахад бэлэн байна гэжээ.
Хятад улс 2014 онд элсний эмчилгээг үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвөөр бүртгэсэн бөгөөд 2019 онд Шиньжяны Турпан хотын Уйгарын эмнэлгийг элсний эмчилгээний төслийг хамгаалах байгууллага болгожээ.