“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны талаар олон орны зүтгэлтнүүд ийн ярьж байна
2022-05-17 16:00:01
Share
Share this with Close
youtube WeChat

△Найроби хотын хурдны зам

Тавдугаар сарын 14-нд, Зүүн Африкийн анхны хурдны зам болох Найроби хотын хурдны зам туршилтын журмаар ажиллаж эхлэв. Нийт 27.1 километр урттай эл хурдны зам нь Жомо Кениатагийн олон улсын нисэх онгоцны буудал, Найробигийн бизнесийн төв дүүрэг, Кенийн Ерөнхийлөгчийн ордон болон бусад газруудыг холбосон бөгөөд ашиглалтад орсноор хотын төвийн замын түгжрэлийг эрс багасгаж, замын хөдөлгөөний зардлыг бууруулж, хотын зам тээвэрлэлтийн үйл ажиллагааны үр ашгийг ихээхэн дээшлүүлсэн юм.

 Хятадын компанийн барьсан Найробигийн хурдны зам “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжсэн хамтын ажиллагааны гол төсөл юм. Найробигийн хурдны замын ETC-ийн ажил хариуцсан төвийн захирал Жорж Карими хэлэхдээ, хурдны зам нь барилгын ажлын явцад орон нутагт 3000 ажлын байр бий болгож, 200 туслан гүйцэтгэгч, орон нутгийн олон зуун барилгын материал нийлүүлэгчдэд ашиг тусаа өгсөн; Ашиглалтын хугацаанд ETC цахим төлбөр хураах системийг оролцуулаад 500 ажлын байр бий болгоно гэжээ. Түүнчлэн Найроби хотын олон оршин суугч ч хурдны зам нь нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих амьжиргааны төсөл гэдгийг онцолж байлаа.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 14-нөөс 15-ны хооронд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалт Бээжин хотноо болж, гадаадын 30 гаруй орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцож, иж бүрэн хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрч, "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулахаар тохиролцсон юм. Сүүлийн таван жилийн хугацаанд КОВИД-19 цар тахал, олон улсын нөхцөл байдал ирэх тусмаа хурцадсан, эдийн засгийн сэргэлт сул хэвээр байгаа болон бусад олон дарамтын өмнө Найробигийн хурдны зам зэрэг "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны төслүүд амжилттай хэрэгжиж байгаа нь хүмүүст уг санаачилгын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөн боломж, хэтийн төлөвтэй гэдгийг ойлгуулж байна.

△Лаосын Үндэсний Ассамблейн Гадаад харилцааны хорооны дэд дарга, Лаосаас БНХАУ-д суугаа элчин сайд асан Ванди Будтасавонг 

Лаосын Үндэсний Ассамблейн Гадаад харилцааны хорооны дэд дарга, Лаосаас БНХАУ-д суугаа элчин сайд асан Ванди Будтасавонг ХТРТ-ийн сурвалжлагчтай хийсэн тусгай ярилцлагадаа: "Бүс ба зам" санаачилга нь Лаосыг далайд гарцгүй орноос зам тээвэрлэлтийн дэд бүтцээр улс орнуудтай бүрэн холбогдсон орон болгоход маш сайн нөхцөл болзлоор хангасан юм. Хамгийн товойн ололт амжилт бол 2021 оны 12-р сарын гурванд албан ёсоор ашиглалтад орсон Хятад-Лаосын төмөр зам болно. Энэхүү төмөр зам нь хоёр оронд ач тусаа өгөхөөс гадна АСЕАН-ы орнууд болон дэлхий нийтэд ашигтай юм" гэсэн юм.

△Туркийн Думлупнарын их сургуулийн профессор Бареш Адбелли 

Туркийн Думлупнарын их сургуулийн профессор Бареш Адбелли "Улс орнуудын харилцаа хожиж хожигдох харилцаа байх ёсгүй, харин хамтран ажилласнаар оролцогч талууд илүү их ашиг хүртэх явдал юм гэж Хятад улсын үздэг. Нээлттэй байр сууриас харилцан ашигтайгаар хамтран ажиллах үзэл баримтлалын дагуу Хятад улс "Бүс ба нэг зам" санаачилгыг дурдан гаргасан юм. Эл санаачилга нь оролцогч талуудад соёл иргэншлээ харилцан улам ойлгох боломжийг олгодог бөгөөд бүс нутаг, тэрчлэн дэлхийн хэмжээнд энх тайвныг хамгаалж биелүүлэхэд чухал түлхэц болдог" гэжээ. 

Тэрээр, Европ-Азийг холбосон Турк улс өдгөө “Бүс ба зам” санаачилгад чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс Турк улс улам идэвхтэй оролцож, өөрийн хөгжлийн стратегиа “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалттай улам нягт уялдуулах ёстой гэв. 

Бареш Адбеллигийн хэлсэнчлэн, “Бүс ба зам” нь оролцогч талуудын хөгжлийн стратегийг харилцан холбож, гүнзгий уялдуулах том индэр юм. 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хятад улс дэлхийн 149 орон, олон улсын 32 байгууллагатай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны 200 гаруй бичиг баримтад гарын үсэг зурав. Үүнд: дэд бүтцийн холболт, хөрөнгө оруулалт, худалдаа, банк санхүү, технологи, нийгэм, хүмүүнлэг, иргэдийн амьжиргаа, далай тэнгис зэрэг олон салбарыг хамруулсан бөгөөд “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах нь ирэх тусмаа олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, улмаар олон улсын нийтлэг ойлголт болж байна.