Хятадын бараа бүтээгдэхүүний экспорт олон улсын зах зээлд эзлэх хэмжээ 15% хүрэв
2022-05-20 17:07:26
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Хятад улс "Хятадын энэ 10 жил" сэдэвтэй хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаас мэдээлснээр, ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын гадаадад нээлттэй байх цар хүрээ улмаар өргөжин тэлж, бараа бүтээгдэхүүний экспортын олон улсын зах зээлд эзлэх хэмжээ 11% байснаа 15%  хүртэл нэмэгдэв. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний худалдаагаараа хамгийн том орны статусыг бэхжүүлж, гадаадын хөрөнгийг авч ашигласан цар хүрээ ч үргэлжлэн өргөжсөөр байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж шинэ боломжийг ашиглан, илүү сайн хөгжилд хүрэх ёстой хэмээн Худалдааны яамны холбогдох албан хүн хэлсэн байна. 

Сүүлийн үеийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2012 онд Хятадын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 4,4 их наяд ам.доллар болж, дэлхийд хоёрдугаар байранд жагссан бол 2021 онд Хятадын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 6,9 их наяд ам.долларт хүрч, хоёр жил дараалан дэлхийн нэгдүгээр байранд бичигдсэн байна. 2021 онд Хятадын гадаадын хөрөнгө оруулалтыг авч ашигласан хэмжээ 1.15 их наяд юаньд хүрсэн нь 2012 онтой харьцуулахад 62.9%-иар нэмэгдэж, авч ашигласан гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2017 оноос хойш 4 жил дараалан дэлхийд хоёрдугаар байранд жагсаж, гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа тогтвортой байсан дэлхийн эхний гуравт орсон хэмээн Хятадын гадаадад нээлттэй байх өнгөрсөн 10 жилийн түүхэн замналыг дүгнэж болох юм. 

Энэ талаар Төвийн Санхүүгийн албаны дэд захирал Хань Вэньшюй танилцуулахдаа: "Энэ бол нээлттэй хөгжлийг нухацтай ахиулсан 10 жил. Хятадын гадаадад нээлттэй байх цар хүрээ, гүнзгий өргөжин тэлж байна. Олон улсын зах зээл дэх бараа бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь хэмжээ 11% -иас 15%  болж өсөв. Энэ нь барааны худалдааны хамгийн том орны статусыг бэхжүүлж чадлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг авч ашиглахад үндэсний хөнгөлөлттэй сөрөг жагсаалтын удирдлагын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээ тасралтгүй өргөжин тэлсэн байна. Бид өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны бүсийн сүлжээг идэвхтэй байгуулсан бөгөөд гадаад орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн тоо 10 байснаа 19 болж нэмэгдсэн юм. Бид бас 21 чөлөөт худалдааны туршилтын бүс болон Хайнаний чөлөөт худалдааны боомтыг байгуулж, гадаадад нээлттэй шинэ өндөрлөг газар, туршилтын газар зэрэг бүх талын, өндөр түвшин бүхий гадаадад нээлттэй шинэ хэв маягийг бүрдүүлсэн юм."

Худалдааны яамны дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээрийн орлогч төлөөлөгч Ван Шүвэнь хэлэхдээ, чөлөөт худалдааны туршилтын бүс, чөлөөт худалдааны боомтуудыг ажиллуулж байгаа нь шинэ нөхцөл байдлыг бий болгохын төлөө юм. 2013 онд Хятад улс Шанхайд анхны чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулж, өнөөг хүртэл нийт 21 чөлөөт худалдааны туршилтын бүстэй болж, үндэсний хэмжээнд 278 төрлийн тогтолцооны инновацийн ололт амжилтыг хэрэгжүүлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд гадаад орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн тоо 10 байснаа нэмэгдээд 19 болж, бараг хоёр дахин нэмэгдэж, чөлөөт худалдааны түншүүдтэй хийсэн худалдааны хэмжээ Хятадын нийт худалдааны 17%-оос өнгөрсөн оны 35% хүртэл өссөн байна.

"Бидний нээлттэй байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ба бусад гадаадын аж ахуйн нэгжүүдийн Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, Хятадын дотоодод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн чөлөөт худалдааны түншийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүллээ. Харин дурдууштай нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд илүү их хөрөнгө оруулах боломжийг авчирсан, өмнө нь зарим хөрөнгө оруулалтыг хориглож, хязгаарлаж байсан бол одоо бүр олон салбар гадаадад илүү нээлттэй болсон. Түүнчлэн эдгээр чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар Хятадын зах зээлийн, хууль ёсны, олон улсын түвшинд хүрэх бизнесийн орчныг илүү оновчтой болгож, тэдэнд илүү их боломжийг бий болгож чадсан юм. Тиймээс өргөн олон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эдгээр боломжийг ашиглан, Хятадад илүү сайн хөгжилд хүрнэ гэдэгт бид найдаж байна. " \Ренчинсоо\