Хятад-Европын галт тэрэг эрчтэй ажиллаж байна
2022-05-20 16:44:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, цар тахал гарснаас хойш Хятад-Европын галт тэрэг 24 сар дараалан ганц сард 1000 гаруй удаа аялсан нь хөгжлийн уян хатан байдлаа харуулж, олон улсын аж үйлдвэрийн гинжийн хэлхээний ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Сүүлийн өдрүүдэд, 2600 тонн элсэн чихэр ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Хятадын Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнингийн олон улсын төмөр замын боомтоос хөдөлж, Алаг уулын ам боомтоор дамжин нийт  4662 километр аялан, 11 хоногийн дараа Казахстаны Алматы хотод хүрнэ. Энэ бол Гуаншигаас гараагаа эхэлсэн Хятад-Европын анх дугаар ачааны галт тэрэг юм, ингэснээр хил дамжин тээвэрлэх экспортын бараа бүтээгдэхүүнд шинэ нэр төрөл нэмэгдснийг харуулж байна. 

Гуаншигийн COSCO тээврийн ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Хуан Юйжянь танилцуулахдаа: "Өмнө нь бид элсэн чихрийг далай болон авто замаар багцалж тээвэрлэдэг болохоор тээвэрлэх хугацаа нь тогтворгүй бөгөөд нэлээд урт байдаг. Бусад тээвэрлэлтийн арга замтай харьцуулахад Хятад-Европын ачааны галт тэрэгний экспортын тээвэрлэлт 8-10 хоног хэмнэх боломжтой. Энэ нь тээвэрлэлтийн хурдыг сайжруулаад зогсохгүй тээвэрлэлтийн чанарыг хангахаас гадна үйлчлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх чадавх, аж ахуйн нэгжүүдийн зах зээлд өрсөлдөх хүчин чадлыг ихээр нэмэгдүүлсэн байна."

Энэ оны 5-р сарын байдлаар, Хятад-Европын ачааны галт тэрэгний хоёр том боомт болох Шиньжяны Хоргос, Алаг уулын ам боомтоор Хятад-Европын ачааны галт тэрэг нийт 4114 удаа зорчсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8%-иар нэмэгджээ.

Цар тахал гарснаас хойш Шиньжяны төмөр замын салбар тээврийн хүчин чадлыг сайжруулахын тулд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хятад-Европын ачааны галт тэрэгний тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайтар хийж, гаалийн салбартай хамтран ажиллан, бүх холбоосыг жигд ажиллуулж, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлсэн байна. Хоргос, Алаг уулын ам боомтуудаар өнгөрөх Хятад-Европын галт тэрэгний үйл ажиллагааны хэмжээ цар тахлаас өмнөх 2019 оны мөн үеийн 1883 галт тэрэгтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн юм. Хоргос боомтын тээврийн удирдлагын газрын туслах инженер Чен Кайчян ингэж танилцууллаа.

"Бид боомтын бүс нутгуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүрэг хариуцлага хэрэгжүүлж, гаалийн газар зэрэг салбаруудтай хамтран ажиллаж, галт тэргэнд автоматаар шүршин халдваргүйжүүлэх ажлыг эрчтэй хийсэн. Мөн үйл ажиллагаа явуулж буй газрыг хаалттай удирдан зохицуулж, бүх ажлын орчныг халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах чадварыг сайжруулсан юм. Галт тэрэгний цуваа, төлбөр тооцоо зэрэг адил бус үйл ажиллагааны онцлогт үндэслэн галт тэрэгний ээлж халаанд зохицуулалт хийж, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм.”
 

Тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улиралд Хятад-Европын нийт 3630 галт тэрэг ажиллуулж, 350 мянган чингэлэг бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 7% болон 9%-иар нэмэгдсэн байна. 4-р сард, Хятад-Европын галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, үйл ажиллагаа тогтвортой байж, бүтэн сарын хугацаанд 1170 удаагаа ажилласан бол 3-р сарынхаас 36 удаа буюу өмнөх сарынхаас 3%-иар нэмэгдэж, ерөнхийдөө тогтвортой өсөлттэй хөгжлийн сайн хандлагаа барьж чаджээ. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэлэхдээ:

"КОВИД-19 цар тахлын халдвар гарснаас хойш, Хятад-Европын ачааны галт тэрэг 24 сар дараалан ганц сард 1000 гаруй удаагаа ажиллаж, хөгжлийн эрч хүчтэй байдлаа харуулж, олон улсын аж үйлдвэрийн гинжийн хэлхээний ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм." \Ренчинсоо\