Хятад улсад халдах нь Пакистанд халдаж буй явдал гэв
2022-05-23 09:33:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Пакистаны Гадаад харилцааны сайд Билавал Бхутто Зардари 5-р сарын 22-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-тай хэлэлцээ хийснийхээ дараа сурвалжлагчидтай уулзав.

Пакистаны тал цаашид ямар ямар бодит арга хэмжээ авч Пакистан дахь Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах бэ? хэмээн сурвалжлагч асуусанд Билавал Бхутто хариулахдаа: Карачид болсон террорист халдлагыг Пакистаны тал хатуу зэмлэн буруушааж байгаа бөгөөд Хятадын иргэдийн амь нас хохирсон явдалд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Хятад анд нөхдүүд болон Пакистан Хятадын харилцаанд халдахыг Пакистаны тал хэзээ ч тэвчихгүй. Хятадын ард түмэн болон Пакистан дахь Хятад улсын найз нөхдүүд санаа амар бай, Пакистаны тал Пакистан дахь Хятадын иргэд, байгууллага болон төслүүдийн аюулгүй байдлыг дээд хэмжээнд чухалчилж байна, Хятад улсад халдах нь Пакистан улсад халдаж буй явдал гэв.

Билавал Бхутто хэлэхдээ: Террорист этгээдүүд багш нар болон гэм зэмгүй иргэд олноор халдлагын объектоо болгосон нь арга ядсан, гажуудсан сэтгэлгээгээ харуулсан нь илт. Пакистаны тал бүх хүчээ дайчлан гэмт этгээдийг баривчлан шийтгэж, Пакистан Хятадын хамтын ашиг тусыг хохироохыг завдсан аливаа оролдлогыг сүйрүүлэх болно. Шахбаз ерөнхий сайд засгийн газрын байгууллагуудын хурлыг тусгайлан хуралдуулж, Хятад Пакистаны эдийн засгийн коридор хийгээд Пакистан дахь Хятадын нийт иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэсэн юм. Пакистаны тал аюулгүй байдлын арга хэмжээгээ урьд өмнө байгаагүйгээр чангатгаж, Пакистаны хоёр дивизийн хүчийг тусгайлан байрлуулж Хятад Пакистаны эдийн засгийн коридор болон бусад төслүүдийн аюулгүй байдлыг хамгаалуулж байна. Пакистаны хууль сахиулах байгууллага Пакистан дахь Хятадын иргэд, байгууллага болон төслүүдийн аюулгүй байдлыг хамгаалах хэргээр Хятадын талтай нягт зохицуулалттай ажиллаж байна. Пакистан Хятадын найрамдлыг эвдэх ямарваа хорон муу оролдлого явагдахыг Пакистаны тал огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.