АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНСУ, Япон улсад айлчилж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Ази тивд хийж байгаа анхны айлчлал юм. Жо Байден Токиод дөрвөн талт хэлэлцээ хийж, АНУ, Япон, Австрали, Энэтхэгийг оролцуулсан Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратеги /IPEF/ гэгчийг эхлүүлжээ. Ийм бүлэглэл байгуулсан нь хүйтэн дайны өнгө аястай дипломат алхам бөгөөд Жо Байдений засгийн газрын санаачлагаар Хятад улсыг боомилох санаархал, эхний алхам бүрэлдлээ гэж үзэж байна.
Шинэ хүйтэн дайнаар хөөцөлдөж, бүлэглэл байгуулан сөргөлдөж байгаа нь АНУ-ын ноёрхох байр суурийг хамгаалахын төлөө юм. Гэвч Жо Байдений энэ алхам бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учруулна. Ойрын жишээ гэвэл ОХУ, Украины мөргөлдөөнийг нэрлэж болно. АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ыг хавчиж шахсантай шууд холбоогоор мөргөлдөөн гарч, эдүгээ Европ тив үймээн самууны хөлд нэрвэгдлээ. Ази Номхон далайн бүсэд ийм тогтворгүй байдал, үймээн бий болгохоор АНУ оролдож, бүлэглэл байгуулан сөргөлдөөн өдөөж байна.
Ази, Номхон далайн бүс нутаг интеграцчлалын үйл явцыг ахиулж, нийгмийн хөгжлийн нэгдмэл цогц байгуулахыг зорьж байна. Сингапурын ерөнхий сайд Лее Сиен Лоон ярилцлагадаа “Дэлхийн эдийн засагт эзлэх Хятадын хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр тус улстай худалдааны нягт холбоотой байх нь ердийн үзэгдэл. Хятад улсад боломж нь, зах зээл нь байна. Ийм учир олон орон Хятадтай харилцах бизнесийн хэлхээ холбооноос ангид байх боломжгүй болж байгаа юм” гэжээ.
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И цохон тэмдэглэхдээ “АНУ чөлөөт нээлттэй гэх уриан дор бүлэглэл байгуулан сөргөлдөхийг чухалчилж байна. Ази Номхон далайн бүс нутгийн улс орнууд аль нэг талд зогсох сонирхолгүй байж, олон орон эв нэгтэй харилцаж, хамтран ажиллаж, хамтдаа хожихыг зорьж байгаа. Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегийн мөн чанар нь хагалан бутраах, сөргөлдөөнийг хөөрөгдөх явдал юм. Энэ бол тэр чигээрээ энх тайвныг эвдсэн стратеги болно” гэжээ.