Эрлийзжүүлсэн усан тутаргын технологи Нигерийн тутаргын ургацыг нэмэгдүүлэв
2022-06-07 20:08:12
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын эхээр Нигерт усан тутаргын хураалтын улирал эхэлжээ. Нийслэл Абужа хотоос баруун хойш 30 км-ын зайд Хятадын Жунди корпорацийн гадаад дахь корпорацийн Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийн аж үйлдвэрийн паркийн усан тутаргын туршилтын тариалан байдаг. Тэнд зохиогдсон “Баруун Африкийн орнуудад туслан усан тутаргын тариалалтын систем бүтээн байгуулах” төслийн ахуй талбайн хуралдаанд, Хятад улсын эрлийзжүүлсэн усан тутаргын үр хийгээд холбогдох тариалалтын технологи нь ургацын хувьд илт давамгай байгааг хүмүүст танилцуусан бөгөөд Нигерийн усан тутаргын ургацыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлжээ.

Нигери улс 200 сая гаруй хүн амтай бөгөөд Африк тивийн хамгийн олон хүн амтай орон юм. Гэтэл усан тутарга зэрэг үр тарианы урагц бага, үр тарианы зонхилохыг импортод түшиглэдэг. Хөдөө аж ахуй нь Хятад, Нигерийн хамтын ажиллагааны чухал салбар байсаар иржээ. 6-р сарын 2-нд зохиогдсон “Баруун Африкийн орнуудад туслан усан тутаргын тариалалтын систем бүтээн байгуулах” Билл ба Мелинда Гейтсийн сангийн төслийн ахуй талбайн хуралдаанд Хятадын Жунди корпорацийн гадаад дахь корпорацийн Эко хөдөө аж ахуйн Баруун Африкийн команийн ерөнхий захирал, усан тутаргын мэргэжилтэн Ван Шюэ-минь өөр өөр үр болон тариалах технологийг ашиглан тарьсан усан тутаргын тариалангийн ургацын байдлыг нарийн танилцуулав. Нигерийн Үндэсний хөдөө аж ахуйн үрийн комисс, Хөдөө аж ахуйн судалгааны комисс, Олон улсын халуун бүсийн хөдөө аж ахуйн судалгааны газрын мэргэжилтэн, түүнчлэн тухайн нутгийн тариаланчид танилцуулгыг урамтайхан сонссон бөгөөд тутаргын тариаланчид элбэг ургац авсан тутаргын тариаланд дуулан бүжиглэж, баяр баяслын сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Нигерт ажиллаад 19 шахам жил болж буй Ван Шюэ-минь Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагчид хэлэхдээ: Энэ удаагийн төслийн хуралдааныг зохион байгуулсан нь гурван зорилттой гэв.

“Нэгд, Хятад улсын эрлийзжүүлсэн усан тутаргыг танилцуулах. Хоёрт, бидний судлан бүтээсэн усан тутарын сортыг танилцуулах. Гуравт, усан тутарыг тараан суулгах шинэчлэлттэй технологийг танилцуулах эдгээр болно. Хятад улсын эрлийзжүүлсэн усан тутаргын үйлдвэрлэл га тутамд дунджаар 8.7 тонн хүрдэг. Бидний судлан тариалсан усан тутаргын ургац га нэгбүртээ 7 тонн хүрч байна. Тухайн нутгийн сорт болох FARO 44 сортын тутаргын ургац га тутамд дунджаар 5.6 тонн хүрдэг. Бидний эрлийзжүүлсэн усан тутарга орон нутгийн сортын үйлдвэрлэлийг 55%-иар нэмэгдүүлж, бидний сорт тухайн нутгийн тариалж буй гол сортын тутаргын ургацыг  25% нэмэгдүүлэв. Бидний тараан суулгах шинэ технологи нь том тариалантай тариачин өрх трактороор тариалахтай дүйцхүйц юм. Энэ нь хөдөө аж ахуйн таримлын суулгац, ургацыг ихээхэн нэмэгдүүлнэ. Энэ гурван зүйлийн шинэ технологи бүгд амжилтад хүрсэн юм.”

Сүүлийн жилүүдэд Нигери улсын засгийн газар тухайн орны усан тутаргын үйлдвэрлэлийг чухалчилж, усан тутаргын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэгээ өргөтгөж, холбогдох олон улсын хамтын ажиллагааг чухалчилсаар иржээ. Нигерийн Үндэсний хөдөө аж ахуйн үрийн комиссын дарга, доктор Олусегун Ожо хэлэхдээ: Энэ удаагийн төслийн ахуй талбайн хуралдаан гүн гүнзгий сэтгэгдлийг төрүүллээ. Өдгөө Нигери улс эрлийзжүүлсэн усан тутаргаар тутаргын ургацаа нэмэгдүүлэхийг эрэлхийлж байна гэв.

 “Эко хөдөө аж ахуйн Баруун Африкийн компани бол Үндэсний хөдөө аж ахуйн үрийн комиссоос гэрчилгээ олгосон судалгаа, үрийн борлуулалтын гурван компаний нэг. Тэдний үр маш сайн, стандартаас давсан. Үүний зэрэгцээ “Баруун Африкийн орнуудад туслан усан тутаргын тариалалтын систем бүтээн байгуулах” төслийн хамтран ажилллагчийн хувьд тус компани тухайн нутгийн тариаланчдад маш сайн хөдөө аж ахуйн практик хангасан. Тэд Хятад улсын усан тутаргын ургацын хэмжээг бидэнд харуулсан юм.”

 Нигерийн хөдөө аж ахуйн судалгааны комиссын Хөгжлийн газрын дарга, профессор Белло Абубакар хэлэхдээ: Нигери Хятад хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа илэрхий үр бүтэмжид хүрсэн гэв.

“Нигери Хятад хоёр орон хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны турш хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн, иймэрхүү хамтын ажиллагааны үр бүтэмж нь хүмүүсийг баярлуулмаар, маш сайн үр дүнд хүрсэн. Өнөөдрийн ахуй талбайн арга хэмжээ нь тухайн нутгийн тариаланчдад үр өгөөж хүртээв. Хэрэв Нигерийн бүх тариаланчид өнөөдрийн ахуй талбайд харуулсан хөдөө аж ахуйн ур технологийг эзэмшиж чадвал бид бүгдэд ашиг тустай.”

Стефен Элиша бол Хятадын Жунди корпорацийн гадаад дахь корпорацийн Хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийн Абужагийн үйлдвэрлэлийн паркийн Бвари бүсийн Ушафа тосгоны тутаргын тариалангийн менежер юм. Ахуй талбайд нутгийн тутаргын тариаланчдад эрлийзжүүлсэн усан тутаргыг тараан суулгах, нүүлгэн тарих үйл явцад анхаарах ёстой зүйлүүдийг танилцуулсныхаа дараа энэ чадварлаг залуу өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцжээ.

“Хэрэв бид улс даяар ийм маягаар тариалбал тариаланчдын ургац хураалт лавтай нэмэгдэх бөгөөд улс орон маань ч хүчирхэгжиж чадах юм.”