Ховогсайр сяний Жангарын ордонд 6 сарын 11-нд нэгэн тэмдэглэлт үйл явдал болов. Энэ бол "Жангарын соёл урлагийн өлгий нутаг" гэсэн өөртөө засах орны зэрэглэлийн пайз зүүх ёслол юм. Ёслолыг Хятадын соёл, байгалийн өвийн өдөр, Шиньжяны "Биет бус соёлын өвийн долоо хоног"-ийн 10 дахь арга хэмжээний хүрээнд зохиожээ.
ШУӨЗО-ны Утга урлагийн холбоо, Ардын урлагийн нийгэмлэг Ховогсайрын монгол өөртөө засах сянийг "Жангарын соёл урлагийн өлгий нутаг" гэж өргөмжилсөн нь биет бус соёлын өвийг уламжлан хөгжүүлж байгааг нь үнэлсэн хэрэг юм.
Ойрын жилүүдэд Ховогсайр сянь "Соёлын хүчирхэг сянь" бодлого хэрэгжүүлэн "Шиньжяныг соёлоор ундаалах" уриалгын хүрээнд "Жангар", "Монгол үндэстний ерөөл магтаал", "Монгол үндэстний уртын дуу" зэрэг Үндэсний болон Өөртөө Засах Орны зэрэглэлд хамаарах биет бус соёлын өв, түүнчлэн орон нутгийн зэрэглэлийн өвийг амжилттай бүртгүүлжээ.
Биет бус соёлын эдгээр өв нь Ховогсайрын алдар нэрийг хол ойрд алдаршуулсан юм. Эдгээрээс товчлон дурдвал, "Жангар"-ын туулийн олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Жангарын аман уламжлал судлалын хээрийн шинжилгээний төв байгуулжээ. Мөн түүнчлэн Жангарын 11 дэх удаагийн соёл урлагийн наадмыг зохион байгуулж, судалгааны цуврал ном, дууны уран бүтээл, "Баатар Жангар" дуулалт жүжиг, "Жангар" хүүхдийн кино бүтээв. Морин хуурын "Жангар" хүүхдийн чуулга Герман, Авсрали зэрэг улс оронд тоглолтоо хийж, Венийн тансаг "Алтан танхим"-ын шилдгийн шилдэг тоглолтын шагнал хүртсэн. "Далан Товч" хамтлагийн хайлсан "Хэлмэрч хээ Жалганы магтаал" бүтээл Бээжингийн Үндэстнүүдийн кино наадмын нээлтэд үзэгчийг гайхшруулж, үндэстний урлаг соёлыг дэлхийн тавцанд өргөж таниулсан билээ.
Ховогсайр нутаг бол дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн хөрөнгө оруулж, дэлхийд хамгийн томд тооцогдох "Жангарын ордон" байгуулж, Вангийн орд болон Иххүрээ хийдээ сэлбэн засч, Жангартай холбоотой соёл, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж, "Жангар" шошготой 100 гаруй бүтээгдэхүүн бүртгүүлж соёлын цогц брэнд бий болгосон юм.
Ховогсайр нутаг "14 дүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Жангарын соёлоор тэргүүлсэн олон үндэстний уламжлалт соёлыг хамгаалах, уламжлан хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. /Н.Пүрэвжав мэдээлж, А.Бахатгүл фото зургийг хангав/