Цар тахлын халдвараас сэргийлэн хянах ажилд хороолол чухал үүрэг гүйцэтгэв
2022-06-29 20:06:10
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 28-нд Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин Хубэй мужийн Ухань хотод ажиллав. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Ухань хотын Дунху дэвшилтэт технологийн бүсийн Зүөлин гудамжийн Жы-Юань хорооллын сайн дурынхны үйлчилгээний тэнхимд ирж, хорооллын ажилтнууд, анхан шатанд ажилласан намын гишүүн боловсон хүчин, сайн дурын ажилтнуудтай уулзан, анхан шатанд цар тахлын халдвараас сэргийлэх, хянах нэгдсэн механизмын хэрэгжиж буй байдалтай танилцсан байна.

Жы-Юань хороолол нь төрийн өмчит компаниас хуучин гэр хорооллыг шинэчлэн байгуулсан нэгэн хороолол юм. КОВИД-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш таван зэрэглэлийн баталгаажуулалтын тогтолцоог чанга хэрэгжүүлж, ажилчид ажлын байрандаа эргэн ирэх, ажил үйлдвэрлэлийг сэргээх болон цар тахлын халдвараас сэргийлэх хяналт удирдлагыг уялдаатай болгосон хорооллын тогтвортой байдал хийгээд баталгаажуулалтын системийг бүрдүүлж, оршин суугчид амьдрал, ажлын хэвийн байдлаа сэргээхийг нь эмх цэгцтэй ахиулжээ. 

Ши Жиньпин дарга хэлэхдээ: 2020 онд Ухань хотынхны цар тахлын халдварын эсрэг тэмцсэн тэмцэл ялалт байгуулснаас хойш Уханьд энэ хоёр жилд төвлөрсөн байдалтайгаар дэгдсэн цар тахлын халдварлалт удаа дараа гарсан, гэхдээ маш түргэхэн хяналтдаа авч, ихээр дэлгэрсэн байдал гараагүй юм. Ухань хотынхон цар тахлын халдвараас сэргийлэх, хянахыг байнгын болгох талаар сайн ажилласан бөгөөд туршлагыг дүгнэх ёстой. Цар тахлын эсрэг тэмцлийн явцад, онцгой байдлын үеийн сэргийлэлт хяналт болон хэвийн сэргийлэлт хяналт, хороолол аль аль нь бүгд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Цар тахлын халдвараас сэргийлэх, хянах тухай тогтоосон намын төв хорооны зарчим бодлого бол зөв, үр дүнтэй гэдгийг практик гэрчилсэн бөгөөд заавал гуйвшгүй баримтлах хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Хорооллын жижиг талбайд Ши Жиньпин олонд хандан, Уханий ард түмэн миний сэтгэлд аргамжаатай байсаар ирлээ, хоёр жилийн дараа би бас дахин Ухань хотод ирж та олонтой эргэн уулзаж байна. Цар тахлын халдвар дэгдсэнээс хойш хорооллын ажилтнууд халдвараас сэргийлэх эхний фронтыг урт хугацаагаар сахин ажиллаж, нүсэр их нарийн ширийн, бодит ажлуудыг үүрэглэн гүйцэтгэж, хорооллын оршин суугчдад чин үнэнчээр үйлчлэн, шаргуу хөдөлмөрлөж, алдар гавьяа байгуулсан юм. Та нар болон бүх Хятадын  хорооллын ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье гэсэн байна. Тэрбээр мөн, одоохондоо цар тахлын халдвар эцэс болох бололцоо харагдахгүй байсаар бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх, дотоодод халдвар буцаад нэмэгдэхээс сэргийлэх дарамт нэлээд их байсаар юм. Гэхдээ тэмцлээ үргэлжлүүлбэл ялалтад хүрч чадна. Цар тахлын халдварын сэргийлэлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг ерөнхийд нь сайтар зохицуулж, Хятад улсын энэ оны эдийн засгийн хөгжлийг нэлээд сайн түвшинд хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна гэжээ.

Цар тахлын халдвар дэгдсэн хүнд үед Ухань хотод цар тахлын эсрэг тэмцсэн тэмцлийн эхний фронтод эмч сувилагчдаас гадна хороололд үйлчилж байсан анхан шатны намын гишүүд, хорооллын ажилтнууд, сайн дурынхан ч шаргуу хичээн зүтгэсэн юм. Ухань хотод цар тахлын хүнд үед тогтоосон хөл хориог 2020 оны 4-р сарын 8-нд цуцалсны дараа ч  тус хотынхон хотын дүүрэг, зээл гудамж, хороолол зэрэг гурван шатны удирдлагын системээ үргэлжлүүлэн боловсронгуй болгож, хорооллоос цар тахлын халдварын сэргийлэлт болон хяналтын ажилд гүйцэтгэсэн суурь, гол чухал үүргийг нэн сайтар хэрэгжүүлж иржээ. Сурвалжлагчийн мэдээлснээр, 2022 онд Ухань хотынхон хорооллын үүрэг чадавхыг олон талаар сайжруулахаар төлөвлөсөн бөгөөд хотын хэмжээнд зээл гудамж, сян суурингийн хорооллын ажлын цэгийг нэмэгдүүлээд 140 хүргэх юм байна.