Саяхан Балбын Засгийн газрын хуралдаанаар АНУ-тай "Муж хоорондын түншлэлийн хөтөлбөр" буюу SPP -ийн хамтын ажиллагааг дэмжихээ зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр гарахад Балбын бүх нам, цэргийнхэн ижил байр суурьтай байсныг гадныхан анзаарч, бүгдээрээ "SPP-д элсэх нь Балбын ашиг сонирхолд нийцэхгүй" гэж үзсэн тул энэ асуудлыг хэлэлцэхээ "бүрмөсөн зогсоох" ёстой гэжээ. Балбын талын гаргасан шийдвэр нь АНУ-ын “Энэтхэг-Номхон далайн стратеги” бодлого ухралт хийснийг харуулж байна гэж зарим шинжээч үзэж байна.
SPP төлөвлөгөө нь юу юм бол? ЗХУ задарсны дараа холбогдох улс орнуудад үндэсний батлан хамгаалах хүчээ "шинэчлэх" зорилгоор 1990-ээд оноос эхлэн АНУ-ын муж улсуудын Үндэсний гварди болон түнш орнууд хоорондын солилцооны хөтөлбөр юм. Мөн АНУ-ын цэргийн хүч бусад улс орнуудад нэвтрэх оролдлого болно.
Саяхан ил болсон Балба болон АНУ-ын SPP хамтын ажиллагааны үндсэн агуулгад: Хоёр тал Балбын өндөрлөгийн бүсэд хамтарсан цэргийн сургуулилт хийх, Америкийн хагас цэрэгжүүлсэн үндэсний гвард Балбад ямар ч хязгаарлалтгүйгээр нэвтэрч, дэд бүтцийн байгууламж байгуулах, мөн АНУ Балбыг терроризмын эсрэг тагнуулын болон цэргийн техник хэрэгслээр хангах зэрэг агуулга багтаж байна. Эдгээр заалтууд нь цэргийн тод өнгө төрхтэй бөгөөд Балбын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн санаа нь тодорхой харагдаж байна. Энэ нь Балба улсын дотоодод томоохон маргаан үүсгэжээ.
АНУ сүүлийн жилүүдэд Балбад гарсан улс төрийн өөрчлөлтийг далимдуулан Балбын улс төр, аюулгүй байдлын асуудалд хөндлөнгөөс оролцох, нэвчилт хийхээ нэмэгдүүлж, Америкийг дэмжигч хүчнийг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна гэж гадны шинжээчид үзэж байна.
Илүү гүнзгийрүүлэн харахад, АНУ Балба улсад “бооцоо тавьж” буй нь АНУ-ын одоогийн Хятадын эсрэг стратегийн ерөнхий төлөвлөгөөнд үйлчилж байна. Балбад шахалт үзүүлэх, Өмнөд тэнгисийн асуудлаар өдөөн хатгаж, дараа нь "Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо" гэгчийг дурдаж буй нь АНУ Хятадын эргэн тойронд тогтворгүй зүйлийг буй болгон, Ази-Номхон далайн орнуудыг АНУ-ын ноёрхлын “ гар хөл” болгож байгаа явдал юм.
Зарим улс орон өөрсдийн ашиг сонирхолд тулгуурлан оновчтой сонголт хийж байгаагийн улмаар АНУ-ын сүр дуулиантай "Энэтхэг- Номхон далайн стратеги" хэзээ нэгэн цагт дампуурах нь дамжиггүй.