Хятадын зах зээлд улам илүү оролцоотой байхыг хүсэж байна
2022-07-31 21:32:49
Share
Share this with Close
youtube WeChat

“Нээлттэй хөгжлийн боломжоо хуваалцаж, сайн сайхан амьдралыг хамтдаа бүтээцгээе” уриан дор 7-р сарын 25-ны өдөр Хятадын Олон улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний 2-р экспо Хайкөү хотод нээгдсэн юм. Уг экспо нь Хятадын үндэсний хэмжээний анхны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тусгай үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм. Тэгвэл энэхүү экспогоор дамжин Хятад улс дахь зах зээлээ тэлэхийн гадаадын аж ахуйн нэгжүүд хүсэж байгаа бол экспогоор индэр болгож бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд улам сайн таниулж нэвтрүүлэхийг Хятадын компаниуд зорьж байна. 

2-р экспог Хятадын Худалдааны яам болон Хайнань мужийн захиргаа 7-р сарын 25-аас 30-ны хооронд хамтран зохион байгуулж байгаа бол үзэсгэлэнгийн нийт талбай нь 100 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрчээ. Энд дэлхийн 60 гаруй орны 2800 гаруй брэндийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. 

Энэ жил Франц улс экспогийн гол зочин орноор оролцож байна. Энэ жил анх эл экспод оролцож байгаа Францын шоколад үйлдвэрлэгч Фафна компани нь Францын үндэсний павильонд бүтээгдэхүүнээ дэлгэсэн 14 брэндийн нэг юм. “Манай компани уг индрийг маш өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятадын зах зээлийн хөгжлийн нөөц боломжид итгэлтэй байна” гэж Фафна компанийн Хятад дахь салбар компанийн маркетингийн менежер Ли Минлэй хэллээ. 

“Энэ экспод оролцсоноор бид улс орнуудтай чанар сайтай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл солилцож, харилцан лавлагаа, зөвлөмж өгөхийн зэрэгцээ худалдан авагчтай уулзаж, брэндийхээ нэр хүнд, нөлөө тусгалыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Бид Хятадын хэрэглээний зах зээлд маш өндөр хүлээлттэй байна.”   

Швейцар нь өнгөрсөн удаагийн экспогийн гол зочин орон юм. Тус орны Ричемонт корпорац нь экспод хоёр дахь удаагаа оролцож байна. Корпорацын Гүйцэтгэх захирал Ламберт хэлэхдээ, энэ жилийн хувьд манай корпорац 600 хавтгай дөрвөлжин метр талбайтай лангуу байрлуулж, 6 гол брэндийн нэрийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна гэв. 

"Хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспод оролцож байгаадаа баяртай байна. Экспо нь хамгийн тохиромжтой платформын хувьд Хайнань, тэрчлэн Хятад дахь бидний нэр нөлөөг нэмэгдүүлэх болно. Хайнань муж олон улсын бизнесийн үйл ажиллагаа хөгжүүлэх асар их нөөц боломжтойг гүйцэд харуулсан бөгөөд Ричемонт корпорацын дэргэдэх олон брэндүүд Хайнаньд аялал жуулчлалын жижиглэн худалдааны бизнесээ эхлүүлээд байна. Өнгөрсөн жил Хайкөү хотод Ричемонт зөвлөгөө хангах (Хайнань) ХХК-ийг байгуулж, Хайнань, цаашлаад бүхий л Хятадын зах зээл дэх өндөр чанартай хөгжлөө ахиулсан юм. "

Делойт мэргэжлийн үйлчилгээний байгууллага ч энэ жил дахин Экспод хүрэлцэн ирж оролцжээ. Делойттийн Хятад дахь салбар компанийн Засгийн газар ба олон нийтийн үйлчилгээний менежер Линь Жюе, Делойт өнгөрсөн удаагийн экспод маш амжилттай оролцсон, энэ жилийн хувьд олон ургалч шинэлэг үйлчилгээний шийдлүүдийг танилцууллаа гэлээ.

"Ногоон, нүүрстөрөгч багатай Хайнанийг бүтээн байгуулах тухай мэдээлэлд бид анхаарал хандуулсан бөгөөд энэ жилийн экспо нь мөн "ногоон хэрэглээ" гэсэн маш чухал сэдэвтэй байгаа тул бид ногоон ба нүүрстөрөгч багатай шинэлэг шийдлүүдийг харуулахыг зорьж байна. Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт, өндөр чанартай хөгжлийг дэмжих үүднээс талууд солилцоогоо бэхжүүлэхийг хүсэж байна."

Хэрэглээний экспо нь олон улсын брэнд Хятадын зах зээлд нэвтрэх чухал зам суваг төдийгүй Хятадын бараа бүтээгдэхүүн нэр нөлөөгөө нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гарах сайхан боломж юм. Орчуулгын аппарат, программ хангамж судлан үйлдвэрлэгч iflytek компанийн захирал Жү Ливэнь хэлэхдээ, өнгөрсөн жилийн экспод оролцсоноор Iflytek брэндийн нэр нөлөө ихээр дээшилсэн гэлээ.

“Хэрэглээний экспод оролцогчид болон худалдан авагчид харьцангуй мэргэжлийн гадаад худалдаа эрхлэгчид юм. Харин бидний орчуулгын аппарат, программ хангамж нь гадаад худалдаа явуулахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Ноднингийн экспогоор гадаад худалдаа эрхлэгчид бидний бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, туршин хэрэглэснээс Iflytek брэндийн нэр нөлөөг өсгөхөд түлхэц өгсөн юм. Энэ жилийн хувьд бид ухаалаг орчуулгын салбар дахь шинэчлэл, туршин хэрэгжүүлж буй төслөө харуулсан. ”

Энэ оны экспогийн үзэсгэлэнгийн талбай нь ноднингийнхоос 20%-иар нэмэгдсэн бөгөөд гадаад дотоодын 2800 гаруй брэндүүд оролцсоноор өмнөх жилийнхээс давсан байна. Мөн олон улсын 200 гаруй брэндийн 600 гаруй цоо шинэ бүтээгдэхүүнийг амжилттай дэлгэн харуулжээ.