Бээжин хотын төв тэнхлэгийн соёлын өвийг нөхөн сэргээнэ
2022-08-02 16:58:26
Share
Share this with Close
youtube WeChat

“Бээжин хотын төв тэнхлэгийн соёлын өвийг хамгаалах тогтоол”-ыг 10-р сарын 1-нээс эхлэн албан ёсоор хэрэгжүүлэхээр болов.

Эрт цагт Юань гүрний Ханбалиг Дайду, Минь, Чин гүрний нийслэл байсан Бээжин хотын төв тэнхлэг дээр бусад олон үнэ цэнэтэй барилгууд ч оршдог. Минь, Чин гүрний үед Бээжин хотын тэнхлэгийн өмнө үзүүр нь Юн Дин Мэнь хаалга, хойд үзүүр нь “Хэнгэрэгт” хэмээн нэрлэгддэг хонхны цамхаг байсан бөгөөд хоорондын зай нь 7.8 км болон тэлжээ.

Саяхан Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хэвлэлийн бага хурал хийж уг тогтоолыг дэлгэрэнгүй танилцуулав. Бээжин хот энэ жилд Хубилай хааны зарлигаар байгуулсан Вань Нин Чао гүүрийг засаж, байгалийг нь сэргээх, Дивай гудамжны орчныг сайжруулах, Төв наран хаалга буюу Жэн Ян Мэнь хаалганы харуулын цамхгийн урьд талын үзэмжийг шинэчлэх зэрэг төслийг хэрэгжүүлж, мөн хэнгэрэгт цамхаг, хонхны цамхаг, Жэн Ян Мэнь хаалга, Юн Дин Мэнь хаалга, Газар тариалангийн бурхны буюу Шянь Нун Тань мандал зэрэг түүх соёлын дурсгалт газруудыг сэргээн засах төлөвлөгөөтэй байгаа аж.

Бээжин хотын төв тэнхлэг нь 13-р зууны үед байгуулагдсан, зам гудамж, барилга байгууламж нь 700 гаруй жилийн түүхтэй юм. Энэ тэнхлэг нь Хятадын хамгийн том цар хүрээтэй, хамгийн бүрэн төлөвлөлтийн загвартай, хамгийн сүр жавхлантай хуучны нийслэл хотын төвд оршихуй байсан учир түүх соёлын дурсгал ихтэй. Бээжин хотын төв тэнхлэгийг Хятад улс дэлхийн соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ өргөж урьдчилсан жагсаалтад оруулаад байгаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн соёлын өвд бүртгүүлэх төлөвлөгөөний дагуу Бээжингийн хуучны барилга байгууламжийг хамгаалж, засаж сэлбэх ажилд ач холбогдол өгч, идэвхтэй ажиллаж байна. 10-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих “Бээжин хотын төв тэнхлэгийн соёлын өвийг хамгаалах тогтоол”-д тухайн бүсийг хамгаалах ажлыг хэн гүйцэтгэх, хэрхэн ажиллах, олон түмнийг хэрхэн оролцуулах зэргийг нарийн тусгаж өгчээ.