Наймдугаар сарын 25-ны үдээс хойш Хятадын батлан хамгаалах яам ээлжит хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй сэтгүүлчдийн асуултад хариулав.
Сурвалжлагч: Гадаадын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, саяхан АНУ, Энэтхэгийн тусгай хүчин Гималайн нурууны өмнөд бэлд 20 гаруй хоног хамтарсан байлдааны сургуулилт хийсэн байна. Өөр мэдээгээр, АНУ, Энэтхэгийн арми аравдугаар сард "Дайны сургуулилт" код нэртэй хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна. Цэргийн сургуулилтын газар нь Хятад Энэтхэгийн хилийн бүсээс ойрхон, өндөрлөг болон уулын байлдааны хүчин чадлыг гол сорьж , Хятадад чиглэж буй нь харьцангуй илэрхий хэмээн уг мэдээлэлд дурджээ. Хятад улс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Тан Кефэй: Бид холбогдох мэдээллийг анхаарч буй бөгөөд байдлын чиг хандлагыг цаашид ажиглах болно. Холбогдох орнуудын цэргийн хамтын ажиллагаа, ялангуяа сургуулилт нь гуравдагч талд чиглэх ёсгүй бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад тус дөхөм үзүүлэх ёстой гэж Хятад улс онцолсоор ирсэн.
Хилийн асуудал бол Хятад, Энэтхэг хоёр орны асуудал бөгөөд хоёр тал бүх түвшинд харилцаа холбоогоо хадгалж, хоёр талын яриа хэлэлцээгээр нөхцөл байдлыг зөв зохицуулахаар тохиролцсон юм. Хятад Энэтхэгийн хилийн асуудалд гуравдагч тал ямар ч хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг бид тууштай эсэргүүцнэ. Хятад, Энэтхэгийн 1993, 1996 онд байгуулсан холбогдох гэрээний үзэл баримтлалын дагуу хоёр тал бодит хяналтын шугамын ойролцоох бүс нутагт бие биенийхээ эсрэг цэргийн сургуулилт хийхийг хориглосон байдаг. Энэтхэгийн тал хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцөл, холбогдох гэрээ хэлэлцээрийг чанд мөрдөж, хоёр талт хэлэлцээгээр хилийн асуудлыг зохицуулах амлалтаа биелүүлж, энх тайван, амар амгалан байдлыг сахин хамгаалах талаар бодитой арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэв.